Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхлэнэ
Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг ирэх сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулна. Дархлаажуулалтад хамруулахын тулд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 32400 хүн тун вакциныг хүргүүлжээ.
Дархлаажуулалтад тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад, тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд хамрагдах юм.
Мөн тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг хамруулна.
Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд аймаг, сум, дүүргийнхээ Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд хандах юм.
Одоогоор, Монгол орны 17 аймгийн 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 онд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 74.1 хувь буюу 513 хүн нас барсан байна.
Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж чадвал өөрийн, цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадна.
Эх сурвалж: www.news24.mn