ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

ОУЭШ-ийн зүгээс АНУ болон түүний холбоотнуудын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул ийм зарлиг гаргасан байна. “ОУЭШ нь Америк болон манай улсын ойрын холбоотон Израилын эсрэг чиглэсэн хууль бус, үндэслэлгүй ажиллагаа явуулж байна. Ийм үйл ажиллагаа нь "АНУ-ын тусгаар тогтнолд халдаж байгаа" бөгөөд "үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын салбарт засгийн газрын чухал ажлыг алдагдуулж байна" гэж зарлигт дурдсан байна.

Д.Трамп зарлиг гаргаснаар АНУ болон тус улсын холбоотон орнуудын иргэд, тэдний гэр бүлийн гишүүдийг мөрдөн шалгахад оролцож буй ОУЭШ-ийн ажилтнуудад санхүүгийн болон визийн хязгаарлалт тогтоох боломжтой болно. 

АНУ нь Ромын дүрмийг соёрхон батлаагүй тул Америкийн иргэдийг шүүх эрх ОУЭШ-д байхгүй гэж Вашингтон нэг бус удаа мэдэгдэж байв.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОУЭШ-ээс Израилын Ерөнхий сайд Биньямин Нентаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбогдуулан “хүмүүнлэг ёсны эсрэг болон цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр” баривчлах зөвшөөрөл олгосон юм. 

Бүгд найрамдах намынхан өнгөрсөн сард ОУЭШ-д хориг арга хэмжээ авах төслийг санаачилсан боловч өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намынхан хориг тавьжээ.

Хоёрдугаар сарын 6-ны өдөр гаргасан Д.Трампын зарлиг нь ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай хоёр дахь зарлиг юм. Эхний зарлигийг 2020 онд Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд гаргаж байсан бөгөөд тухайн үед Афганистан дахь АНУ-ын ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон ОУЭШ-ийн өндөр албан тушаалтнууд хориг арга хэмжээнд өртөж байв. 

Эх сурвалж: ВАШИНГТОН /TASS/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.63.176)