Туфли нь сугарсан бүсгүйд Ерөнхийлөгч юу гэж хэлж тайвшруулсан бэ?. Одонтой ээжийн хөгжилтэй яриаг уншаарай
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 9,465 ээж “Эхийн алдар” I, II одонг хүртэв. Тэдний төлөөлөл болсон ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардах үед нэгэн ээжийн туфли сугарч, Төрийн ордныг инээдээр чимсэн юм.
Туфлийн “хэрэг” олон нийтэд эерэг энерги түгээж, одоо ч гэсэн тэр ээжийг өхөөрдсөн, ерөөсөн сэтгэгдэл хөвөрсөөр байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө сугарсан туфлиэ буцааж өмсөөд одонгоо гардсан, ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн нярайн ахлах зэргийн эмч Л.Ролзодмаатай ярилцлаа.
-Юуны өмнө танд “Эхийн алдар” одон хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн ч гэсэн Эх үрсийн баярын мэндийг давхар хүргэе?
-Баярлалаа. Алдарт эхийн одонгоо авсандаа баяртай байна. Хамт одон авсан ээжүүд, өөрийнхөө хоёр ээж, эгч, дүү нартаа, хүүхдүүддээ бүгдэд нь баярын мэнд хүргэе.
-Одон авах мэдээг анх яаж авсан бэ. Хороо дүүргээс ярив уу, Төрийн ордноос холбогдов уу?
-Гурав хоногийн өмнө Төрийн ордны ёслол хүндэтгэлийн албанаас яриад “Та Төрийн ордонд ирж одонгоо авахаар болсон шүү. Хувцсандаа анхаараад иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй” гээд цаг товлосон.
-Тэгээд хувцсаа бэлдэж эхэлсэн үү. Эсвэл бэлдчихсэн байв уу?
-Хавар гурав, дөрөвдүгээр сараас материалаа өгөөрэй гээд бэлдүүлж авдаг юм билээ. Одонгоо бол зургаадугаар сарын 1-нд авна гэдгээ мэдэж байсан. Одон авах нь тодорхой юм чинь гээд хувцсаа бэлдэж эхэлсэн ч нэлээд тулгаж авсан.
-Дээл өмсье гэж анхнаасаа шийдсэн үү?
-Өмнө нь одон авч байсан ээжүүдийг харахад бүгд дээл өмссөн байсан. Эхийн алдар гэдэг одон төрөөс өгч байгаа шагнал болохоор үндэсний дээлээ өмсөж, хүндэтгэлтэй хандах ёстой хэмээн захиалга егсөн юм. Гэхдээ захиалгаа цагийг нь тулгаж өгсөн болохоор зургаадугаар сарын 1-ний 07:30 цагт дээл маань бэлэн болсон.
-“Хэргийн эзэн” туфлиэ бас бэлдсэн байв уу?
-Туфлиэ шинээр нь аваад бэлдчихсэн байсан юм. Шинэ гутал учраас холгох вий гээд болгоомжлоод гэртээ хоёр хоног өмссөн. Тэгэхэд сугарах нь байтугай барих шинжтэй байлаа (инээв). Би жижиг өмсгөлтэй. Сэтгэлд таарах загвар тэр бүр олддоггүй учраас таарсан гутлаа олж аваад баярлаж байсан. Ордонд ороод одонгоо авах хүртэл зүгээр л байсан. Гэтэл яг Ерөнхийлөгчийн өмнө очоод сугарчихсан.
-Хазгай гишгээд сугарчихсан юм уу, эсвэл өөрөө л сугарчихсан уу?
-Өөрөө л сугарчихсан.
-Сандарсан уу. Ерөнхийлөгч танд ямар нэгэн зүйл хэлэх шиг болсон?
-Тэр үед Ерөнхийлөгчийг чилээчихлээ гэж их эмзэглэсэн. Гэтэл дараа нь бичлэгээ хартал нэг их удаагүй юм билээ. Мэдээж сандралгүй яах вэ. За баларсан гэж бодоод гутлаа ямартаа ч өмсөхөөр шийдсэн. Гэтэл Ерөнхийлөгч өөдөөс “Зүгээр, зүгээр. Нэгмөсөн хоёуланг нь тайлчихгүй юу даа” гээд хошин өнгөөр инээгээд хэлэхэд шууд л тайвширсан. Ерөнхийлөгч маань их энгийн, гоё хүн юм билээ. Албаны уур амьсгалтай байсан бол бүр илүү сандрах байлаа.
-Тэр үйл явдал ингэж олон нийтэд хүрнэ гэж бодоогүй биз?
-Ёстой үгүй. Албаны арга хэмжээ юм чинь тийм фактыг хасчихдаг байх гэж бодоод нэг их тоогоогүй, гэрийнхэндээ ч хэлээгүй. Одонгоо аваад гэр бүлээрээ гэртээ ирээд хоол цай болж байтал дүү маань утсаа үзэж байгаад “Энэ юу вэ” гээд л гаргаж ирээд, гэрээр нэг инээдэм болцгоосон. Түүнээс хойш ах дүүс, найзууд, таньдаг хүмүүст бүр инээдтэй санагдсан биз. Дахин дахин үзлээ, ямар инээдтэй юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэцгээсэн хүмүүс л байлаа.
-Олон нийтийн сүлжээнд таны гаргасан үйлдэл эерэг энергийг сайн түгээж байна. Та ч харж уншиж байгаа байх. Ямар санагдах юм?
-Миний будилж, хөглөсөн явдлыг олон нийт маань харин ч эерэг талаас нь харж гэр бүл, үр хүүхдэд маань аз жаргал хүссэн сэтгэгдэл олонх нь байсан. Маш сайхан байна. Маш их баярласан. Шүүмжилж болох байлаа. Гэтэл эсрэгээрээ ийм сайхан урмын, талархлын үг илгээж байгаад баярлаад баршгүй.
-Таны хувьд болон гэр бүлд тань мартагдашгүй дурсамжийн нэг болж үлдэв үү дээ?
-Хэзээ ч мартахгүй байх. Ээж маань ч хэлж байсан. Хүүхдүүд чинь насаараа ярих зүйлтэй боллоо гэж.
-Эмэгтэй хүн олон хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг сайн ханийн түшиг тулгуур гэдэг. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл зургуулаа. Нөхрийг маань Энхтөрийн Оргилболд гэдэг. Улаанбаатар төмөр замын Замын хоёрдугаар ангийн замын оношилгооны төвийн электроникийн инженер. Том охин маань 14 настай, Саруулбилэг гэдэг. Хоёр дахь охин маань Оюунбилэг, гурав дахь охин маань Номуунбилэг, долоон настай. Охид маань Хоёрдугаар сургуулийн сурагчид. Бага хүү маань хоёр настай. Би одоогоор хүүгээ хараад уртын амралттай байгаа.
-Одон авсан паянг нөхөр тань хэрхэн хүлээж авав?
-Нөхөр маань шүүмжлээгүй. Инээдтэй юм бэ гээд л байгаа. “За одоо тэдэн шейр хүрчихсэн байна, мэдээгүй хүн алга” гээд л охидтой нийлж инээлдээд хөгжилтэй сэтгэгдлүүдийг уншиж өгдөг болсон. Тэр явдлаас болж 1, 2-нд өдөржингөө инээлдсээр өнжсөн. Одоо ч гэсэн найз нар таньдаг хүмүүс, дэлгүүрт ороход худалдагч нь хүртэл “Одонгоо авсан байна. Баяр хүргэе. Ёстой хөгжилтэй явдал болжээ” гээд бүгд мэдсэн байна лээ.
-Ингэхэд Эх үрсийн баяраа хэрхэн тэмдэглэв?
-Өглөө эрт босож бужигнаад, арай хийж дээлээ цагт нь амжуулж аваад үсээ янзлуулсан. Тэгээд Төрийн ордон ороод фактаа тарьчихаад халуун ам бүлээрээ зургаа авахуулаад л цааш үргэлжилсэн дээ. Өдөржин л инээлээ дээ. Ер нь манай гэр бүлд зургаадугаар сарын 1 болгонд ямар нэг юм болдог юм.
-Ямар гэж. Ер нь жил бүр ийм паянтай юм биш биз. Бүр нэг цаанаасаа тохиодог тохиол байдаг даа?
-Паян гэхээс илүү энэ өдөр манай амьдралд их утга учиртай өдөр болдог юм. Нөхөр бид хоёр 2004 оны зургаадугаар сарын 1-нд хуримаа хийж байсан. 2005 оны зургаадугаар сарын 1-нд том охиноо өлгийдөөд авчихсан байлаа. Жил бүрийн баяраар гэр бүлийн гишүүн нэмсэн том баяр болдог. Гэр бүлийн баяр, дээр нь хүүхдийн баяр гээд л зургаадугаар сарын 1-нд ямар нэг гоё үйл явдал заавал болоод байдаг юм. Ер нь миний амьдрал цаанаасаа л хүүхэдтэй холбогдоод байдаг.
-Нээрээ тийм бололтой. Таны мэргэжил нярайн нарийн мэргэжлийн эмч гэсэн. Энэ мэргэжлийг хэзээ, хэрхэн эзэмшив. Хүүхдийн эмч байхын сайхан тал юу вэ?
-Би 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд 2006 онд хүүхдийн нарийн мэргэжил олгох курсэд суралцсан. 2006-2010 он хүртэл “Амгалан” амаржих газарт нярайн эмчээр ажиллаж байгаад 2011 оноос ЭХЭМҮТ-д ажиллаж байгаа. Хүүхдийн эмч, нярайн эмчийн гол бахархал бурхнаас айлд ирж байгаа хамгийн ариун нандин, хамгийн үнэ цэнэтэй жаахан амьтдыг асарч, үзэж, эмчилнэ гэдэг цаанаа л гоё.
Ялангуяа хүнд өвчтэй байсан хүүхдийн бие сайжирч эрүүл болоод эмнэлгээс гарах мөч хамгийн гоё. 13 жил хүүхдийн эмчээр ажиллаж байна. Хүмүүс ер нь ихэнх нь баярлаж талархсан сэтгэгдлээ хэлдэг. Баярлалаа эмч ээ, маш их баярлалаа гэдэг үгийг өдөр бүр сонсож байдаг болохоор маш их эрч хүч авдаг.
-Эмчийн ажлаа 10 гаруй жил хийгээд, хажуугаар нь дөрвөн хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй ажил болов уу. Хань ижлээс гадна аав, ээж гэдэг хариу нэхдэггүй том хүч байдаг. Ар гэрийнхэн тань их тусалж байна уу?
-Мэдээж хүүхдүүдээ өсгөөд ажлаа хийхэд хань маань хамгийн том дэмжлэг болж ирсэн. Хоёр талын ээж, аавууд, ах дүү нар байнга тусалж дэмжиж байдаг. Тэд нарын маань л ач тус даа. Би ч нэг их мундагдаа дөрвөн хүүхэд гаргаад ажлаа амжилттай хийгээд яваад байгаа ч юм биш. Тийм болохоор тэд нартаа баярлаж талархаж явдгаа танай сониноор дамжуулан хэлье.
-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Ажилд тань амжилт хүсье. Олон нийтийн зүгээс уламжилсаар байгаа, улам өнөр өтгөн болоод Алдарт эхийн I одон аваарай гэж ерөөе.
-Баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай. Түүнд өөрийнхөө ажил мэргэжлийнхээ талаас ч тэр, гэр бүлийнхээ зүгээс ч гэсэн хувь нэмрээ оруулсаар байх болно (инээв).
Баярлалаа.
source: Б.ЗАЯА, ӨДРИЙН СОНИН