Заавал очиж үзэх газар №3: Дорнодод үзэх 9 газар

Та хаашаа аялахаа шийдсэн үү? Энэ зун заавал очих ёстой газрыг тань танилцуулъя. 2019 он бол Халх голын ялалтын 80 жилийн ой билээ. Ингээд түүхт энэ нутгаар аялахдаа очиж үзэх 9 газрыг дурдъя.

Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. 123,597 км² газар нутагтай бөгөөд засаг захиргааны төв нь Чойбалсан хот юм.

1. Чингисийн хэрмэн цав

Энэ хэрмийн урт нь 500-600 км. Хэрмийн зөв талд буюу урд талд нь харуул хайчны цагдаа цэрэг суудаг байсан болов уу гэмээр 40x50 метр жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайханы хүндийн Талын толгойн өртөөний байсан газраас хойхно буй "Дөрвөлжин буудал", "Улзын өндөр довын энгэрийн хэрэм", Могойн адгийн хэрэм, өгөөмрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баян булгийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Заримынх нь хоорондын зайг хэмжихэд 8-12 км байв. Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр, хог үлдэц юу ч илрээгүй. Харин заримаас ваар савны хагархай олддог. Ийм хэрэм Чингисийн Хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг. Тэр ч байтугай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.

2. Хэрлэн Барс хотын туурь, цамхаг

Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суварга нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суваргын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суварга бас байсан ажээ.

Дорнод Монголын нутаг дахь Хятаны үеийн хот суурины томоохон дурсгалын нэг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог Хэрлэн Барс хот юм. 1953 онд тэнд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж,судлаачид тусгайлан дугаарлаж, нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м, зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ.

3. Буйр нуур

Буйр нуур нь зүүн Монгол–Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ. Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.

4. Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог. Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй. Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээгээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.

5. Их бурхант чулуун бурханы цогцолбор

Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Аръяабал бурхан ч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшгаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэх нь бий. Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг

6. Шонх Таван Толгойн хүн чулуун хөшөө

Дорнод аймгийн Халхгол сумын төвийн өмнө 7 км зайтай Шонх Таван Толгой нэртэй газарт хоёр хүн чулуу байсан бөгөөд нэг нь одоо Монголын Үндэсний Музейд үзмэрт хадгалагдаж байна. Цагаан өнгийн гантиг чулуугаар хийсэн түшлэгтэй исэр сандалд заларч буй эр хүний дүрсийг тун уран чадварлаг цоолборлон урласан, эвдэрч хэмхэрсэн зүйл бараг үгүй бүтэн сайнаараа байгаа нь тун онцлог юм. Зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж баруун гараа сандлын тохойвч дээр тавин суужээ. Шанаархаг өргөн нүүр, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй бөгөөд бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ.

7. Хамар даваа дээрх ялалтын хөшөө

Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халхголын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгожээ. Тус хөшөөг дан аранжин зэсээр барьж байгуулсан бөгөөд 50 метр өндөр,  33м өргөнтэй аж. Гол баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг байх ба нөгөө талд нь хадаг барин зогсох монгол эмэгтэйн дүрсийг урлажээ. Хөшөөний гол баганын хоёр талын зэс цутгамал туган дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр, зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн байна.

8. Халх гол

Халх гол буюу Халхын гол нь Евразийн зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Монгол Улсын зүүн хэсэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ. 233 км урттай. Усаа цуглуулах талбай нь 17,000 км². Их Хянганы нурууны далайн түвшнээс дээш 1443 метр өндөрт өргөгдсөн газраас эх авч, Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол улсад орж, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар урсч байгаад хоёр орны хилийн шугамыг тодорхойлон тахиралдан урссаар Буйр нуурт цутгана. Халх голд Хайлаастын гол цутгадаг. Халх голын орчимд 1939 онд Япон, Манж-гогийн тал болон ЗХУ, Монголын хооронд дайн болж байсан билээ.

9. Вангийн цагаан уул

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн наахна оршдог. Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ. Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг тахидаг.

Мөн Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Ялалт” музейн хамт олон “Хээрийн музей” үзэсгэлэнгээ бүтэн зуны турш гаргаж байгаа билээ. Тус үзэсгэлэн нь тухайн дайны үед аваачих мэт мэдрэмжийг төрүүлэх гэнэ. Тус үзэсгэлэнгийн сурвалжилга yolo.mn сайтад орох болно. Дайны түүхээ мэдэх гайхалтай зуны амралт эхэллээ... Аялалд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.252.194)