Анхны харцаар уу...?
Зарим хүмүүс “Би анхны харцаар дурлахыг бие сэтгэлээрээ мэдэрсэн” гэдэг ч зарим нь үгүйсгэж, “Анхны харцаар дурлана гэдэг бол хөнгөн хийсвэр шохоорол” хэмээх нь бий. Гэтэл “Анхны харцаар дурлахсан” гэж мөрөөдөх нэгэн ч байдаг. Анхны харцаар дурласан дурлалыг удаан хугацааны туршид үерхсэн,үерхэл нөхөрлөлийн дүнд бий болсон дурлалаас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Анхны харцын хайр хамгийн ариун, хамгийн нандин байдаг бөгөөд тухайн хүний үзэл бодол, сэтгэлийн мөн чанарыг үл харгалзан, ямар ч ашиг хонжоо харахгүйгээр дурладгаараа онцлогтой. Үерхэл, нөхөрлөлийн дүнд бий болсон дурлал гэдэг нь удаан хугацаагаар нөхөрлөж, бие биеийнхээ сайн муу чанарыг /ухаантай, халамжтай/ үнэлж, өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр тооцоотой гэрлэхийг хэлнэ. Үүнийг дурлал гэхэд хэцүү.
Харин дурлал гэхээсээ итгэл гэвэл илүү оновчтой. Анхны харцын дурлал асар богино хугацаанд болж өнгөрдөг. Хэн нэгэн хүнд ухаангүй дурлахад хэдхэн хором л хангалттай. Толгой зүрхээ захирдаггүй учир өөрийгөө хүчээр дурлуулна гэж байхгүй.
Оросын нэрт сэтгэлзүйч Л.Антонова анхны харцнаас дурласан хүмүүсийг судлаад доорх дүгнэлтэд хүрчээ. Хайр дурлалыг амтыг огт амсаагүй, энэ тухай цагт ямагт мөрөөдөж явдаг 15-18 насны залуучууд анхны харцаар дурлах нь их. Гэвч нас ахих тусам энэ нь улам багасаж, 35 нас хүрэхэд бараг “О” болдог байна. Анхны харцын дурлалд тухайн хүний зан чанар бараг нөлөөлдөггүй, нөлөөлсөн ч онцын үүрэггүй байдаг гэнэ.
Л.Антоновагийн үзэж байгаагаар, анхны харцнаасаа хүнд дурлахад дөрвөн нөхцөл заавал бүрдэх шаардлагатай. Үүнд
Нэг. Сэтгэл санаа сайхан, өөдрөг байх
Хоёр. Орчин таатай, аятайхан байх
Гурав. Цаад хүн нь царай зүс, бие хаа, галбир төрхийн хувьд өөгүй байх
Дөрөв. Тэр хүн рүү зөвхөн царай зүс, бие махбодийнх хувьд тэмүүлэх ёстой.
Анхны харцаар дурлахад тухайн хүний зан араншин нөлөөлдөггүй бол жилийн улирал, цаг агаарын байдал нь харин ч нөлөөлдөг байна. Анхны харцын дурлал, үерхэл нөхөрлөлийн дурлалаас юугаараа ялгагдах вэ? гэвэл дурлагсад танилцсан өдөр, сар, газраа байтугай тэр өдөр цаг агаар ямар байсныг онцгой сайн санаж байдаг байна.
Ер нь анхны харцаар царай муутай хүнд дурлаж болох уу? Бараг л үгүй байх.