Яах гэж ингэдэг юм бэ...
Гэр бүлтэй болно гэдэг эрэгтэй, эмэгтэй хоёрын хэн хэнд нь, хэн нэгний заавар тушаалгүйгээр өөрөө ирдэг үүрэг хариуцлага юм. Эр эм хоёр сэтгэл нийлж гэр бүл болно гэдэг юуны өмнө бие биедээ харилцан буулт хийх зэрэг олон зүйлээр өөрийгөө “золиослох”-ыг хэлж буй хэрэг.
Төрж өссөн орчин, олж авсан хүмүүжил, төлөвшил, ааш авир, дадал зуршил, үзэл бодол гээд олон зүйлээр өөр хоорондоо тэс ондоо зан араншинтай хүмүүс гэр бүл зохиож хамт амьдарна гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ хэцүү гээд бүх насаараа ганцаараа явалтай биш дээ. Хүний хорвоо гэдэг хосоороо амьдардаг жамтайг хэзээ ч мартаж болохгүй.
Гэр бүлийн асуудлыг нэг нь ганцаараа шийдэж болдоггүй.Харилцан буулт хийж чаддаг гэр бүл салж сарнидаггүй
Хоёр хүн хамтран ажиллах боллоо гэхэд юуны түрүүнд харилцан тохиролцдог. Яг үүнтэй адил гэр бүлийн асуудлыг нэг нь ганцаараа шийдэж болдоггүй. Эмэгтэйчүүдийн гаргадаг гол алдаа нь эр нөхрөө яг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэдэгт оршдог. Энэ нь үл ойлголцол, уур бухимдалд хүргэхээс өөр үр дүнгүй.
Танд санал болгоход
Хэрэв эр нөхрийн чинь ямар нэгэн дадал зуршил таны уурыг хүргэдэг бол юуны туханд хүрэлгүй бухимдахаа тэвч. “Чи жаахан эмх замбараатай байвал миний ажил хөнгөрч, чамд сайхан хоол хийх цаг гарна шүү дээ” гэх мэтээр эв зүйтэй найрсаг хэлэх нь уурлаж, хашгирахаас хамаагүй үр дүнтэй. Харилцан буулт хийхгүйгээр хамт амьдрах ямар ч боломжгүй. Хоёул нэг асуудал дээр тохирч чадахгүй байлаа гэхэд энэ асуудлын эерэг сөрөг талыг хамтран ярьж хэлэлцээд шийдвэрлэх гарц хайх хэрэгтэй. Харин зөвхөн өөрийнхөөрөө байлгах гэж зөрүүдлэх нь утгагүй.
Эр нөхөр тань найз нөхөдтэйгээ уулзах, утсаар ярихад нь ундууцах хэрэггүй. Гэхдээ ямар хүнтэй нөхөрлөж байгааг нь мэдэж байх хэрэгтэй. Нөхрөө илэн далангүй байлгахын тулд та өөрөө ч юмаа нууж болохгүй. Хоёр биенээ хувь хүн талаас нь хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Энэ бол маш том хүндлэл юм шүү. Тиймээс хэн хэнийхээ мэдлэг боловсрол, мөрөөдөл тэмүүлэл, зорилго, хүсэл сонирхлыг нь харгалзан үзэж, хүндэтгэж байгаарай. Харилцан буулт хийж чаддаг гэр бүл салж сарнидаггүй.