“Old Town Road”-ын реппер Lil Nas X ижил хүйстэн гэдгээ мэдэгдлээ

Энэ зуны хамгийн том хитүүдийн нэг болох “Old Town Road” дууг хальт ч болов сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Дуучин Miley Cyrus-ын эцэг Billy Ray Cyrus-тай хамтарсан энэхүү дуу саяхан Billboard-ын HOT100 жагсаалтад 13 долоо хоногийн турш 1-т жагссанаар хамгийн удаан хугацаанд энэ жагсаалтыг тэргүүлсэн дуу болсон юм. Ингэснээр Eminem-ийн “Lose Yourself, “the Black Eyed Peas’-ийн “Boom Boom Pow,” болон Wiz Khalifa Charlie Puth нарын “See You Again” дууны амжилтуудыг эвдсэн юм.

Тэгвэл өнгөрсөн сарын турш үргэлжилсэн “Pride Month” буюу LGBTQ+ бахархлын сарын хамгийн сүүлчийн өдөр буюу зургадугаар сарын 30-нд Lil Nas X ижил хүйстэн гэдгээ Твиттерээр илэрхийлжээ.

Тэрээр “Та нарын зарим нь аль хэдийн мэднэ, заримд нь хамаагүй, зарим нь надтай орооцолдохоо больсон. Гэхдээ энэ сар дуусахаас өмнө та бүхнийг “C7osure” дууг анхааралтай сонсохыг хүсч байна” хэмээжээ. Мөн үүнийхээ араас LGBTQ+-г илэрхийлдэг солонгон эможиг ч нэмсэн байв.

Харин түүний “C7osure” дуунд “Үнэнээ хэлье, би чөлөөтэй байхыг хүсч байна, чөлөөтэй байх хэрэгтэй байна” гэх утгатай үгс гардаг бөгөөд энэхүү дуу нь өөрийн бэлгийн чиг баримжааг олон нийтэд зарлахтай холбоотой аж.

Тэрээр үүний дараа “7” альбомынхаа хавтас зургийг твиттердээ хийн, солонгон өнгөтэй гэрлүүд туссан барилгыг заан харуулж “Би үүнийг ойлгомжтой байсан гэж бодсон” гэв.

Өнгөт арьстан репперүүдийн хувьд ижил хүйстэн гэдгээ зарлах нь маш хүнд сонголт бөгөөд ийм зоригтой алхам хийснийг маш олон хүн үнэлж буй аж. Гэвч мэргэжилтнүүд үүнийг нь түүнд цаашдаа амжилтад хүрэхэд нь бартаа болох магадлалтай гэж үзэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.56)