Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг иргэд яаран зарж болохгүй

 

   Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд төлөвлөсөн ажлаа 2.1 дахин давуулан биелүүлж, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул хөрөнгийн зах зээлд IPO хийж хувьцаагаа гаргахаас өмнө ногдол ашгаа хуваарилж олгоно гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээллээ.  Ногдол ашгийг тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй Монгол Улсын иргэн бүр буюу 2.5 сая иргэн хүртэнэ. Хэдэн төгрөгийн ногдол ашиг олгохыг энэ оны 4-р сард болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж, Засгийн газарт хүргүүлсний дараа тодорхой болно. Одоо компани санхүүгийн тайландаа аудит хийлгэж байгааг тэрээр мэдээлсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Компанийнхаа өнгөрсөн оны ажлын талаар товч танилцуулна уу?

-Бид БНХАУ-ын “Чалко” компани дахь өр авлагаа бүрэн төлснийг та бүхэн мэднэ. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллароор нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, энэ оны 1-р улирлаас нэг тонн нүүрсийг 63.32 ам.доллар болгон нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөлөө. Цанхийн баруун уурхайн 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус бүр амжилттай байгуулснаар, өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлж чадсан.

-Өнөөдрийн байдлаар хэр их нүүрс олборлоод байна вэ. Ашиг орлогоо товчхон танилцуулаач. Мөн улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, манай компани түүхэндээ хамгийн их буюу 45.8 сая тонн нүүрс олборлоод байна. Энэ нь компани байгуулагдсан 2010 оноос хойших үзүүлэлт юм. Өнгөрсөн хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. 2017-2018 онд 3.1 их наяд төгрөгийн орлого олсон бол өнгөрсөн онд олсон 1.99 их наяд төгрөгөөсөө 2010 оноос хойш үүсээд байсан гадаад, дотоодын (БНХАУ-ын “Чалко” болон манай улсын Хөгжлийн банкнаас авсан) өр төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс, орлогоо 720 тэрбум төгрөгт хүргэлээ. Дүгнэж хэлэхэд, бид үнийн бодлогын менежментийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд ашигтай ажиллаж ирлээ. Энд бас нүүрсний гадаад зах зээлийн үнэ ханш өндөр байсан таатай нөхцөл байдал нөлөөлсөн.

-Ашигтай ажилласнаар цааш ямар үр дүн гарах вэ. Хүлээж буй хувьцаагаа хэзээ гаргах вэ, Ногдол ашиг авахад иргэд заавал бүртгүүлсэн байх уу?

-Ногдол ашгийн хувьд, заавал бүртгүүлэх шаардлагагүй, брокер дилерийн аль нэг (баталгаатай) компанид дансаа нээлгэсэн байхад л болно. Дансаар чинь ногдол ашиг олгох юм. Бид өнгөрсөн хугацаанд “1072 хувьцааны мэдээллийн төв”-өөрөө дамжуулан 1.2 сая иргэнд мэдээлэл зөвлөгөө өгсөн.

-Одоогоор хэчнээн хүн дансаа нээлгээд байна вэ?

-Одоогоор 500 мянган хүн дансаа нээлгээд байна. Хувьцааны тухайд, энэ онд хөрөнгийн зах зээлд IPO хийж амилуулна. Санхүүгээ дээшлүүлж, үйл ажиллагаагаа сайжруулсан тул одоо хувьцаагаа олон улсын зах зээлд гаргаж, дэлхийн түвшинд өрсөлдөх боломж нөхцөл бүрдлээ. Блокийн аргачлалаар 5.1 тэрбум тонн байсан ордын нөөцөө 6.3 тэрбум тоннд хүргэж тооцуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулаад байна. Ингэснээр олон улсын Жорк стандартад шилжүүлсэн дүнгээр нөөц 8 тэрбум тонн, түүнээс дээш хэмжээний байхаар шийдвэрлүүлсэн.

Компани ашигтай ажиллаж байгаа учир одоо нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн дараа дараагийн бүтээн байгуулалтын ажлуудаа хийх нөхцөл бүрдлээ. Нэн шаардлагатай байгаа "Гашуун сухайт"-ын төмөр замыг тавьж эхэлнэ. Авто зам засварлах, параллель болгох ажлыг дөрөвдүгээр сараас эхэлнэ. ТЭЗҮ-үүдийг бүгдийг нь хийсэн учир одоо хөрөнгө оруулалт татахад бэлэн болсон. ТЭЗҮ-ийг хийж гаргаад байна гэдэг олон улсад үнэлэгдэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм. Бид энэ оноос эхлэн нүүрсээ өөрсдөө олборлож, ачдаг болно. Техник, технологио бүрэн шинэчилнэ. Ордыг түшиглэн 100 мянган хүнтэй хотын суурь ажлыг эхлүүлнэ.

-Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад танай компани хамтран ажиллах сураг байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Нийгмийн хүрээнд, манай компани нийслэл хотын утааг бууруулах үүднээс Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш гаргах үйлдвэрийг Улаанбаатарт байгуулаад байна. Тавантолгойн нүүрс бүрэн шатдаг, хоргүй учир сайжруулсан түлш үйлдвэрлэхэд их боломжтой юм. Манай компани нийслэл хотыг шахмал, сайжруулсан түлшээр 100 хувь бүрэн хангах хүчин чадалтай. Бид манай улсад 2020 онд болох “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж ажиллана.

-Хувьцаагаа олон улсын аль хөрөнгийн биржид гаргах вэ. Ер нь хэдий хэмжээний хөрөнгө босгохоор төлөвлөж байна?

-IPO хийх хөрөнгийн биржүүдийг судалж, Хонгконгийн болон Нью-Йоркийн биржид гаргахаар болоод байна. Эхний ээлжинд Хонгконгийн биржид хувьцаагаа гаргана. Нью-Йоркийнход давхар бүртгэлтэй явж болох байх гэсэн шийд гаргасан. Ер нь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудаа тооцож үзэхэд, хөрөнгийн зах зээл дээрээс 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байгаа юм.

-Иргэд хувьцаагаа худалдаж болох уу?

-Болохгүй гэдгийг хөрөнгийн зах зээлийн мэдлэг, эдийн засгийн энгийн мэдээлэлтэй хүн мэдэх учиртай. Иргэд зарим талаар мэдээлэл, мэдлэггүй байгаатай холбоотой байх. Манай компани дотоод, гадаадад аль болох нээлттэй болох зам руу явж байна. Харин хувьцааны хувьд, манай компани хаалттай компани юм. Хувьцаагаа арилжаанд оруулаагүй учир зарж болохгүй. Арилжаад эхэлсэн хойно харин яаж ч хөдөлгөж болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын түвшинд гарч дэлхийд өрсөлдөх боломжтой компани учир таны эзэмшиж буй хувьцаа үнэтэй, тэр хэмжээгээр танд үр ашгаа өгнө.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.119.122.69)
DR. PRADHAN Хэрэв та бөөрнийхээ 1-ийг 1 доллараар зарахыг хүсч байгаа бол манай албан ёсны и-мэйл хаяг: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019-06-04 Хариулах