Ханхүү Харри: Би дэлхийн экологийн төлөө хоёр л хүүхэдтэй болно
Их Британийн ханхүү Харригийн гэргий Меган Маркл Америкийн алдарт “Vogue” сэтгүүлийн зочин редактораар ажилласан талаар бид мэдээлсэн билээ. Энэхүү тусгай дугаарт ханхүү Харри ч мөн зочин сэтгүүлчээр уригдаж, Английн хүн судлаач Жейн Гудоллтой ярилцлага хийсэн байна. Саяхан хүүхэдтэй болсон ханхүүд Жейн “Хүүхэд хэт олон байж болохгүй. Дэлхийн нөөц баялаг хязгаартай тул байгаль орчноо хайрлах хэрэгтэй” гэж хэлжээ.
Энэхүү онолыг хүлээн зөвшөөрсөн Харри “Би дээд тал нь хоёр л хүүхэдтэй болно. Хүн төрөлхтөн дэлхийд байгаа бүх зүйлийг өөрийн гэж өмчилдөг цорын ганц амьтан юм. Харин би хүмүүсийг дэлхийд ирсэн зочид гэж боддог. Хойч үедээ дэлхий ертөнцөө бүрэн бүтэн үлдээхийн тулд хүмүүс цөөхөн хүүхэдтэй байх ёстой. Энэ тал дээр Уильям ах (гурван хүүхэдтэй) бид хоёр өөр бодолтой байдаг” гэж ярьжээ.