Д.Баттөр: 2019 онд МИАТ компани шинээр гурван чиглэл нээж байна

 

Үндэсний агаарын тээвэрлэгч компани МИАТ ТӨХК үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгох үүднээс аяллын хөтөлбөр нээж, анхны зочид нь сэтгүүлчид боллоо. Энэхүү нээлттэй хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчид МИАТ ТӨХК-ийн музей, ангар буюу Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

Түүнчлэн МИАТ ТӨХК ойрын жилүүдэд дотоодын агаарын тээвэрлэгчидтэй хамтран олон улсын нислэгийг орон нутгийн нислэгтэй холбож, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үндсэн тээвэрлэгч байж нислэгээс бусад төрлийн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьж байна. Олон улсын нисэхийн SKYTRAX байгууллагын үнэлгээг 4 одны түвшинд хүргэж, Ази, Европыг холбосон агаарын тээврийн зах зээлийг холбосон, 6-р эрхийн зорчигч тээврийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-МИАТ ХК-иар өнгөрсөн онд хэчнээн хүн үйлчлүүлэв. Мөн өнгөрсөн онд хийсэн гол ажлууд юу байна вэ?

-Өнгөрсөн онд манай улс агаарын тээврээр түүхэндээ байгаагүй олон буюу 1.2 сая зорчигч тээвэрлэснийг та бүхэн мэдэж байгаа. Үүний 760 мянга нь МИАТ ХК-иар үйлчлүүлсэн. Мөн бид 2018 онд цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн ачааны бүртгэлийг цахим болгоод байна.

-МИАТ одоогоор хэдэн онгоцтой үйл ажиллагаагаа явуулж байна. Агаарын хөлгийн паркаа хэрхэн шинэчилж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, МИАТ 6 “Боинг” онгоцтойгоор олон улсын нислэг үйлдэж байна. Парк шинэчлэлийг тогтмол хийж байна. Энэ онд 2 ширхэг, сүүлийн үеийн “Бионг 737-8 МАХ” онгоцтой болж байгаа. Хоёуланг нь түрээсээр авсан. Тодорхой хэмжээний урьдчилгаа байршуулаад сарын түрээсийг төлөөд явах юм. Эхний онгоцыг энэ сарын 27-нд оруулж ирнэ. Харин хоёрдахь онгоцыг 5-р сард авна.

-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал руу шилжин нүүснээр “Чингис хаан” буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ, Танай компани ИНЕГ-т ямар санал тавьсан бэ?

-Олон улсын чанартай аэродром, сургалтын төв, ангар гээд нэгэнтээ байгуулсан олон чухал обьектууд үлдэж буй учир нөөц буудал байдлаар ашиглах санал тавиад байгаа.

 

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд гадаадын 12 орны нисэх онгоцыг дотооддоо засварлан 11 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

 

-Шинэ буудалд шилжсэнээр зорчигчдийн тийзний үнэ өсөх үү. Ер нь зардлаа тооцож үзэхэд, өсөлт бууралт нь хэр тусч байгаа вэ?

-Шилжин нүүх, мөн очоод бүх зүйл шинээр эхэлж байгаатай холбоотойгоор, зардал 10 орчим хувиар өснө. Гэхдээ манайх зорчигчийн тийзний үнийг нэмэхгүй. Харин ч бид бусад өрсөлдөгчийнхөө байдлыг харзнаж, зардлыг буулгах төлөвлөгөө боловсруулж байгаа. Ингэхдээ зардлын өсөлтийг компани өөртөө хүлээж, хэмнэж болох зардлуудыг хэрэгжүүлж ажиллана.

-Энэ онд шинээр нээж байгаа нислэгийн чиглэл юу байна. Мөн шинэ ондоо юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-2019 онд манай компани шинээр 3 чиглэл нээж байна. БНХАУ-ын Шанхай, Гуанжоу руу шинээр нисч, Японы Осакагийн чиглэлийг сэргээж байна. 

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.140.88)