Дугуйчдад илүү өдрийн амралт өгөхийг уриалжээ
Дугуй унадаг хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулахад илүү эрүүл чийрэг байдгийн зэрэгцээ ажлаасаа чөлөө авах тохиолдол бага байдаг тул тэднийг нэг өдөр илүү амраах хэрэгтэй гэж Германы улс төрч хэлжээ.
“Ажилдаа байнга дугуйгаар очдог хүмүүс жилд нэг удаа илүү амралт авах эрхтэй” гэж Германы холбооны парламентын гишүүн Стефан Гельбхаар “CNN” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тогтмол дугуй унадаг хүмүүс өвчин тусах магадлал бага хийгээд ажлаасаа чөлөө авах тохиолдол цөөн байдаг хэмээн судлаачдын тогтоосныг тэрбээр иш татсан байна.
Дугуйчдыг илүү амрах боломжийг бүрдүүлснээр ажилдаа дугуйгаар явах урам зоригийг хүмүүст төрүүлж, автомашины оронд дугуй унахыг илүүд үздэг хүмүүсийн тоог нэмэгдүүлнэ хэмээн С.Гельбхаар үзэж байгаа ажээ. Мөн тэрбээр уг саналаа дэмжихийг Засгийн газартаа уриалжээ.
"Дугуй унах нь эрүүл, урт удаан амьдрахад нөлөөлж, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулаад зогсохгүй дугуй унадаг хүмүүс олширсноор замын түгжрэл буурч, агаарын бохирдол багасах тул нийгэмд эерэг нөлөөтэй" гэж “The Lancet Psychiatry” сэтгүүлийн судалгаанд дурдсан байна