Google төлбөртэй тоглоомын үйлчилгээгээ танилцууллаа
Google сар бүр тодорхой хэмжээний хураамж төлөөд 350 орчим тоглоом, аппыг үнэгүй ашиглах боломж олгох Google Play Pass-ийг танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Apple мөн ийм төрлийн Apple Arcade нэртэй үйлчилгээг хэрэглэгчдээ хүргэн багагүй амжилтыг олоод байгаа билээ. Google Play Pass уг үйлчилгээтэй төстэй ч төлбөртэй аппуудыг багтаасан гэдгээрээ онцлог.
Google Play Pass үйлчилгээний сарын хураамж нь Apple Arcade-тай ижил буюу 4.99 ам.доллар байх аж. Гэсэн хэдий ч Google-ийн зүгээс 10-р сарын 10 хүртэл Google Play Pass-ийг нэг жилийн турш сар бүр 1.99 ам.доллар төлөөд ашиглах боломжтой урамшууллыг зарлажээ.
Apple Arcade-д багтаж буй тоглоомууд “exclusive” буюу зөвхөн iOS үйлдлийн системтэй утсан дээр тоглох боломжтой. Харин Google Play Pass-т багтаж буй тоглоом, аппууд ихэвчлэн бүх үйлдлийн системд зориулагдсан юм. Ийм ч утгаараа Google Play Pass-ийн тоглоом, аппын сан нь Apple Arcade-аас 3 дахин их байгаа билээ.
Түүнчлэн Google Play Pass-ийг авсан хэрэглэгч ахин 5 хүртэлх хүнтэй өөрийн хаягаа хуваалцаж болно гэдгээрээ давуу талтай.
Уг үйлчилгээ энэ долоо хоногт АНУ-ын хэрэглэгчдэд нээлттэй болох бөгөөд бусад орнуудад нээлтээ хийх хугацаа хараахан тодорхой болоогүй байна.