10 сараа хамтдаа төлөвлөх үү?

Аливаа зүйлийг төлөвлөж дадах нь амжилттай ажиллаж, суралцахын үндэс суурь болдог билээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ өөрийн аравдугаар сарын төлөвлөлтийн аргаасаа хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл хүргэхээр шийдлээ. Саатай бал, өнгийн харандаа, наадаг зураг, усан будгаа бэлдээрэй!

1. НҮҮР ХУУДАС /COVER PAGE/
Та бүхэн намайг аравдугаар сарын нүүр хуудсаа өнгөлөг хэв маягтайгаар чимснийг харж байгаа байх. Нүүр хуудас нь тухайн сарын төлөвлөлтийг өмнөх сарынхаас нь тусгаарлах бөгөөд үүнийг яаж ч чимэглэж болох юм. Жишээлбэл миний хувьд аравдугаар сар гэхээр алтан намар, Halloween гэх мэт олон гайхалтай зүйлс бодогддог тул энэ сарын нүүр зургаа чимэглэх тал дээр их хичээсэн. enlightened

2. КАЛЕНДАРЬ /MONTHLY LOG/
Нүүр хуудсаа чимэглэж дууссан бол "Monthly log" буюу календариа хийгээрэй. Та энэ сард ямар ямар ажил төлөвлөж байгаагаа тухайн ажлаа хийх өдрийн нүдэн дээр тэмдэглээрэй. Төлөвлөгч дэвтрийн хамгийн амин чухал хэсэг байгаа биз? Жишээлбэл та аравдугаар сарын 4-нд "Сурагчийн 1 өдөр"-өөр багш болох гэж байгаа бол түүнийгээ мартахгүйн тулд аравдугаар сарын 4-ний нүдэн дээр "Багш болох" ч юм уу, "Сурагчийн 1 өдөр " гэх мэтээр түлхүүр үг ашиглан тэмдэглээрэй. Мэдээж бүтэн өгүүлбэр бичвэл тухайн өдрийн нүдэнд багтахгүй шүү дээ. Та мартамхайдуу хүн бол энэ хэсэг их хэрэгтэй шүү. cheeky

 

3. ЗУРШИЛ ХЯНАГЧ /HABIT TRACKER/
Та бүхэн  эхний нүүрийг харвал "Зуршил" гэсэн хэсэг байгаа. Энэ хэсэгт та тухайн сард ямар зуршлыг дадаж хэвшмээр байгаагаа тэмдэглээд хянах боломжтой. Миний хувьд нийт 8 зуршлыг хэмжихээр тодорхойлсон байна. Хэрвээ та өглөө эрт босож хэвших хүсэлтэй байгаа бол өглөө эрт боссон өдрүүдээ календарь дээрээ будахад л болно. Ингэснээр сарын хэдэн өдөр нь эрт босож, хэдэн өдөр нь эрт босож чадаагүй гэдгээ хянаж, өөртөө дүгнэлт хийх боломжтой юм шүү дээ. yes

4. БОДЛОО БУУЛГАХУЙ /BRAIN DUMP/
Удаах нүүрэнд "Brain dump" хэсэг байгааг харж байгаа байх. Үүнийг шинээр туршиж үзэх гэж байгаа юм. Энэхүү буланд та аравдугаар сарын туршид өөрийн бодолд орсон шинэ санаа, онцлох зүйлсээ бичихэд л болно. Бүтэн 1 сарын туршид таны толгойд орж ирсэн зүйлсийг бичих тул их олон нүүр шаардагдаж магадгүй гэдгийг бодолцоорой.

5. УНТЛАГЫН ЦАГ ХЯНАГЧ /SLEEP LOG/
Энэ бол шөнө хэдэн цагт унтаж, хэдэн цагт сэрсэн бэ гэдгийг минь хянахад тусалдаг, төлөвлөгч дэвтрийн хамгийн дуртай хэсэг маань. Хэрэв та хэтэрхий их эсвэл хэтэрхий бага унтаж байгаа бол энэхүү буланг 1 сар хөтлөөд л өөр дээрээ дүгнэлт хийх боломжтой. angel

6. САНХҮҮ ХЯНАГЧ /BUDGET TRACKER/
Та мөнгөө дэмий зүйлд зарцуулаад байгаа юм биш биз? Эхний нүүрэнд санхүүгээ хөтлөх хэсэг байгаа бөгөөд өөрийн орлого, зарлагаа хянахад тань ихээхэн тус болно гэдэгт итгэлтэй байна. Мөн та мөнгөө юунд илүүтэйгээр зарцуулж байна, энэ зарцуулалт нь яг ашигтай байж чадсан уу гэдгээ дүгнэх боломжтой. Миний хувьд бүх мөнгөө хоолонд үрэх янзтай даг шүү. Хамгийн эхэнд л "ХООЛ" гээд том хэсэг гаргачихсан байгаа биз? laugh

7. СЭТГЭЛ ЗҮЙ ХЯНАГЧ /MOOD TRACKER/
Та 1 сарын хугацаанд сэтгэлзүйн байдлаа хэрхэн өөрчлөгдөж байсныг хянамаар байна уу? Тэгвэл энэхүү буланг санал болгож байна. Хэрхэн ашиглах вэ гэж үү? Их амархан. Жишээлбэл та аравдугаар сарын 1-нд үнэхээр аз жаргалтай байсан бол тухайн өдрийг улаанаар, аравдугаар сарын 2-нд бага зэрэг бухимдалтай байсан бол ногоон өнгөөр будах зэргээр ашиглаж болно. Энэ маягаар та 1 сарын хугацаанд сэтгэлзүй хянагч буланг хөтлөвөл өөртөө дүгнэлт гаргах боломжтой юм. wink

8. 7 ХОНОГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ  /WEEKLY LOG/
Хэрэв та өдөрт олон ажил хийх талаар төлөвлөдөг бол "7 хоногийн төлөвлөгөө" хэсэг маань танд хамгийн их таалагдах байх. Өдөрт хийх ажлуудаа жагсааж бичээд, хийж дуусгасан ажлынхаа ард "+" тэмдэг тавиарай. Өдрийн бүх ажлаа амжилттай дуусгаад, бичсэн бүх зүйлийнхээ ард "+" тэмдэг тавьсан байгаагаа харах хэчнээн "кайф"-тай гээч? Өдрийн бүх ажлаа дуусгасан бол жижигхэн ч гэсэн зүйлээр өөрийгөө шагнах, аль нэг ажлыг дуусгаж амжаагүй бол өөрийгөө шагнахгүй байх зэргээр хөтлөвөл бүр ч сонирхолтой байх болно шүү. 

Миний хувьд дээрх 8 буланг бэлдсэн байгаа. Дэвтрээ илүү гоё чимэглэе гэвэл "Creative planner" гээд хайгаад үзээрэй. Удахгүй төлөвлөгч дэвтрийнхээ талаар дэлгэрэнгүй бичлэг оруулна шүү. Мөн бидэнд үүн дээр нэмэх санаа болон хэрхэн чимэглэсэн талаараа хуваалцаарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.85)