Видео тоглоомын салбарт хэрэгтэй 10 мэргэжил
Видео тоглоомын ертөнцөд "Space Invaders", "Pinball" зэрэг тоглоомын үеэс хойш олон олон ахиц дэвшил гарсан. "GTA" буюу "Grand Theft Auto", "Assassin's Creed", "Call of Duty" зэрэг дэлхий даяар олон сая тоглогчидтой тоглоомуудын ачаар видео тоглоомын салбар кино урлаг болон дуу хөгжмийн салбарын орлогыг нийлүүлснээс ч илүү ашигтай болсон. Тус салбар 2025 он гэхэд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төлөвтэй байна. Видео тоглоомын ертөнцөд өөрийн карьераа эхлүүлэхэд үүнээс сайхан боломж гэж хаа ч үгүй. Та ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо хараахан шийдээгүй байна уу? Тэгвэл та дараах мэргэжлийн аль нэгийг эзэмшсэнээр өөрийн амьдралаа видео тоглоомын ертөнцтэй салшгүй холбож, бага насны мөрөөдлөө биелүүлэх боломжтой юм.
1. ТОГЛООМ ХӨГЖҮҮЛЭГЧ
Тоглоом хөгжүүлэгчид видео тоглоомын салбарт хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Тэд зураглал, дуу чимээг тоглоомд програмчлан оруулдаг. Мөн тэд тоглоомын ерөнхий зохиолыг гаргасан багийнхны яг ямархуу тоглоом гаргах гэж байгаа санааг сайтар ойлгон мэдрэхийн зэрэгцээ техник технологийн өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Та энэхүү ажлыг хийхийн тулд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцах шаардлагатай хэдий ч салбартаа амжилттай яваа ихэнх тоглоом хөгжүүлэгчид өөрсдөө тоглоомоо бүтээж, туршлагажсан хүмүүс байдаг байна. Тоглоом хөгжүүлэгчид "EA", "Rockstar Games" зэрэг томоохон компаниудад тоглоомын удирдлага, хөдөлгүүр хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан зэрэг тодорхой чиглэлээр дагнан ажилладаг.
2. ЗУРААЧ
Та бүтээлч, ажлын туршлага сайтай нэгэн бол видео тоглоомын ертөнцөд маш олон төрлийн ажлын байр бий. Та артист буюу зураач болсноор тоглоомын ерөнхий дизайн болон хөгжүүлэлттэй тулж ажиллах, тоглоомын өнгө төрхийг гаргах тал дээр ажиллана. Харин томоохон төслүүдийн хувьд байшин, барилга, байгаль зэрэг хэсгүүд дээр ажиллана. Компьютер график хурдацтай хөгжиж яваа энэ үед бүтээлч залуучуудад маань маш их эрэлт хэрэгцээ байгаа шүү. Видео тоглоомын ертөнц нь бусад салбар шиг бодит амьдралаар хязгаарлагдахгүй тул танд галзуу төсөөлөл, ажлын туршлага байгаа бол энэ ажлын байр танд яг тохирно.
3. ХӨДӨЛГӨӨН ОРУУЛАГЧ
Хөдөлгөөн оруулагчид нь загварын хэлтсээс ирсэн ерөнхий зураглалын хүлээн авч, тусгай програм дээр ажиллаж, тоглоомыг амьлуулдаг гэж хэлж болно. Тэд тоглоомын дүрийн хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, зэвсэг болон бусад объектуудын хөдөлгөөнийг бодит мэт болгож өгдөг. Томоохон студид хөдөлгөөн оруулагчид жүжигчдийн хөдөлгөөнийг бичиж авах, тэсрэх бөмбөг, зэвсгийг ашиглаж буй хэсгийг гаргахын тулд баллистикийн мэргэжилтнүүдийн заавар, тусламжийг авах зэрэг нэмэлт технологийг ашиглах шаардлага гардаг.
4. ЧАНАРЫН БАТАЛГАА ШАЛГАГЧИД
Видео тоглоом гэдэг бидний төсөөлж байгаагаас ч илүү цогц үйл ажиллагаа тул ихэнх тоглоомууд алдаатай байдаг. Хөлс хүчээ зориулан байж бүтээсэн тоглоом нь алдаагүй байгаа эсэхийг шалгахын тулд компаниуд чанарын баталгааг шалгагчдыг хөлсөлж, тоглоомын алдааг олуулж, засдаг. Бараг л "видео тоглоом тоглож л амьдралаа залгуулдаг" гэсэн үг. Атаархмаар байна уу? Үнэн хэрэгтээ тийм ч таатай ажил биш юм. Тоглоомын нээлтээ хийх хугацаатай зэрэгцээд олсон алдаагаа тэмдэглэж авах, дахин тоглож тухайн алдаа засагдсаныг шалгах гээд л яг цагаа тулахаар хэцүү санагддаг гэнэ шүү. Гэхдээ л шинээр гарах гэж байгаа тоглоомыг тестэлж шалгана гэхээр гоё байгаа биз?
5. АУДИО ИНЖЕНЕР
Та дуу болон дууны эффект хийх тал дээр мэргэшсэн бол видео тоглоомын салбарт танд томоохон орон зай бий шүү. Ялангуяа орчин үеийн видео тоглоомд дуу чимээ голлох үүргийг гүйцэтгэдэг. Машины тоормослох, баатруудын тулалдах чимээ, эсвэл тоглоомд ялахад явдаг аягүйгээр видео тоглоом тоглож байна гээд төсөөлөөд үз дээ. Аудио инженер тийм л чухал үүрэгтэй шүү дээ. Жишээлбэл та мэргэн буудагчтай тоглоомд дуу оруулахын тулд жинхэнэ буугаар буудаж буй чимээг бичиж авах, шинжлэх ухааны уран зөгнөлт тоглоомд дуу оруулах бол өөрөө аяаа зохиох гэх мэтээр хийх ажил тань хаашаа ч хөрвөж болно. Томоохон компаниудад тоглоомын аяыг бичихийн тулд дуу зохиогчидтой, харилцан ярианы хэсгийг оруулахын тулд дуу оруулагчидтай хамтарч ажиллах шаардлага гардаг.
6. ДИЗАЙНЕР
Дизайнерууд тоглоомын ерөнхий дүр зураг ямархуу байх тал дээр ажилладаг. Тэд байнгын шинэ санаа гаргахын зэрэгцээ техникийн болон төслийн хязгаарлалтыг шийдэх арга замыг олох төслийн менежерийн ажлын ч давхар гүйцэтгэнэ. Томоохон төслүүдийн хувьд өөрийн санаагаа багийнхандаа маш ойлгомжтой тайлбарлах чадварыг шаардана. Ихэнх дизайнерууд өөрийн карьераа жижиг хэмжээний төслүүд дээр ажиллаж, түүнээсээ туршлага хуримтлуулах байдлаар эхэлдэг. Хэрэв тэд амжилтад хүрвэл төслийн санаагаа бусад студид худалдаж, зарим тохиолдолд өөрөө төсөл удирдах хэмжээнд ахиж дэвшдэг. Хэрэв тэд анхны ажлаасаа хангалттай хөрөнгө босговол хувийн студиэ нээдэг. Дизайнеруудаас маш их тэсвэр тэвчээр, ямар нэгэн зүйлд татгалзах хариу авахад түүнийг хүлээн зөвшөөрөх чадвар шаарддаг бөгөөд хэрэв та энэ бүхнийг дааж давж чадвал маш өндөр цалинтай ажил шүү.
7. МЭРГЭЖЛИЙН ТОГЛОГЧ
Мэргэжлийн тоглогчид "FIFA", "Counter-Strike", "DOTA" зэрэг багаараа тоглодог тоглоомуудын ачаар өөрийн ур чадвар, авьяасаараа цалинжих боломжтой болсон. Тоглоом тоглоод л, цалин аваад л сүрхий байгаа биз? E-Sport нь хурдацтай өсөж буй салбаруудын нэг. Ихэнх ур чадвартай тоглогчид дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцон шагнал авч, ивээн тэтгэгчтэй болдог. Johan Sundstein, Kuro Takhasomi, Amer al-Barkawi зэрэг дэлхийд алдартай тоглогчид бүгд 7 оронтой дүнгээр /ам.доллар/ цалинждаг гээд бод доо. Видео тоглоом бол цагийн гарз гэж боддог үе өнгөрсөн шүү. Гэхдээ аливаа зүйлийг хийвэл тултал хий гэдэг шиг "мэргэжлийн" байж л цалинжина шүү, залуусаа.
8. ЗОХИОЛЧ
Зохиолчдын чиглэл, ажлын туршлагаас хамаараад видео тоглоомын ертөнцөд хийх олон төрлийн ажил бий. Бүтээлч зохиолчид тоглоомын харилцан яриа, тоглоомын ерөнхий түүх, оргил хэсгийг зохиох тал дээр ажиллана. Техникийн зохиолчид тоглоомын заавар, зөвлөмжийг зохиодог бол контент, зар сурталчилгааны материалын зохиолчид сэтгүүл, олон нийтийн сүлжээ зэрэг сувгаар тоглоомоо сурталчлах тал дээр ажилладаг.
9. ОРЧУУЛАГЧ
Видео тоглоом дэлхий дахинд алдаршсаны нэг шалтгаан нь олон хэл дээр гардаг учраас л тэр юм шүү дээ. Тэдэнд тоглоомын дундуур гардаг текст, харилцан яриа, сурталчилгааны материал, хэрэглэгчдэд туслах заавар зэрэг бүхий л бичгэн текстийг олон хэл рүү орчуулах шаардлага гардаг. Орчуулагч бол уйтгартай ажил гэж ойлгож болохгүй шүү.
10. МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
Видео тоглоом нь бүтээлч ажлын үр дүн юм шиг боловч эцсийн эцэст студиүд хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг л хардаг. Том хэмжээний студид ч бай, жижиг хэмжээний студид ч бай бараагаа хэрхэн борлуулахаа мэддэг хүмүүст бол ажлын байр хаана ч нээлттэй байдаг. Жишээлбэл томоохон хэмжээний студи болгон зах зээлийн шинжээчидтэй байдаг ба тоглоом нээлтээ хийхэд маркетингийн мэргэжилтнүүд сурталчилгаагаа хийдэг.
Таны судалсан мэргэжил ямар ч бай, танд тохирох ажлын байр хаа нэгтээ байж л байдаг. Та видео тоглоом тоглох дуртай бол, дээрх мэргэжлүүдийн аль нэгийг эзэмшсэн бол танд мөрөөдлөөрөө мөнгө олох боломж байна шүү.