Дуучин Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоор бусдын зүрх сэтгэлд гэрэл асаана
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт ухаа” цогцолборт болох “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дуучин бүсгүй 16 насандаа урлагийн босгыг давснаас хойш 37 дахь намартайгаа золгож буй уран бүтээлч маань ийнхүү арван жилийн дараа дахин бие даасан тоглолтоо хийх гэж буй бөгөөд тоглолтод хамтран оролцож буй уран бүтээлчид ирж түүнтэй холбоотой дурсамж, түүхээ хуваалцлаа.
Мөн түүний хувьд “Тэнгэр шиг бай” тоглолт нь 15 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт болж буй юм. тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт 1990-ээд оны дуунууд дуулагдах бол дараагийн хэсэгт хит болсон дуунуудаа өргөн барьж, төгсгөлийн хэсэгт тоглолтынхоо утга агуулгад нийцсэн дуунуудаа дуулах ажээ.
Өнгөрсөн 10 жил миний хувьд дотоод сэтгэлээ таних он жил байлаа
МУГЖ, дуучин Т.Ариунаа “Өнөөдөр та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Арван жилийг үдсэн энэ хугацаа миний хувьд дэндүү хол байлаа. Бүх юм өөрийн тэнгэрийн цаг хугацаатай, тогтоогдсон мөчтэй байдаг гэж би боддог.
Үхэх хийгээд төрөх цаг хугацаа, тариалах хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа гээд бүх зүйл өөрийн цаг хугацаатай.
“Тэнгэр шиг бай” тоглолтыг хийхийн тулд би дотоод ертөнц рүүгээ чиглэсэн эрэл хайгуул хийсэн. Миний хувьд энэ он жилүүд дотоод руугаа чиглэсэн, тэр бүгдийг ялж гарах, өөрийгөө өөртөө нээх, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм.
Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлгийг 2011 онд олон хөгжмийн зохиолчидтой уулзалт хийсэн. Ингээд нэрт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярт шүлгийг дуу болгох саналыг өгч, захиалсан байдаг.
Энэ шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой гэдэг дээр илүү ач холбогдол өгсөн. “Тэнгэр шиг бай” цомог маань тоглолт болох гэж байгаад баяртай байна. Тоглолтын шинэ баг хамт олондоо болон үеийн үед хамт байсан та бүгддээ баярлалаа. Тан наргүйгээр би хэн ч биш, та нар байгаа учир би оршин тогтнож байгаа юм" гэв.
"Тэнгэр шиг бай" тоглолтын Ерөнхий найруулагчаар “Скин” энтертайментийн захирал, найруулагч Б.Анар ажиллаж байгаа бөгөөд тоглолт гурван цаг үргэлжилнэ.
Тоглолтын тасалбар Ticket.mn дээр худалдаалагдаж байна.
Эх сурвалж: www.news24.mn