Хуванцар соруулны оронд ПАСТАНЫ ГОЙМОН
Бид өмнө нь уснаас бичил хуванцрууд устгах арга боловсруулсан хүү, хуванцар хаягдлыг ус болгодог нян бүтээсэн оюутнуудын талаарх мэдээллийг оруулж байсан. Харин одоо байгаль орчин, хайртай амьтдад маань хор хөнөөл учруулж буй хуванцрын хаягдлыг бууруулах дараагийн бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна.
ЭНЭ БОЛ ПАСТАНЫ ГОЙМОН!
Нэгэн хэрэглэгч пастаны гоймонгоор юм ууж буй зургаа "Reddit" сүлжээнд байршуулснаар 77,000 гаруй хүнд таалагдаад зогсохгүй хүмүүсийн ярианы гол сэдэв болсон байна.
Тус соруулыг "Stroodles" хэмээх компани үйлдвэрлэдэг гэнэ. Stroodles гэдэг нь "Straw" /соруул/ болон "Noodle" /гоймон/ гэсэн үгний нийлбэр юм. Монголоор бол сормон ч юмуу, гойруул гэсэн үг. Энэхүү бүтээгдэхүүнээр юм уухад ямар ч нэмэлт амт амтагдахгүй, 1 цаг хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Хэрэглэснийхээ дараа яах вэ гэж үү? Та зүгээр л цэцгийн хөрс ч юмуу, ямар нэгэн хөрсөн дээр хаячхад л тэр нь өөрөө бордоо болчихно. Юун байгальд хор нөлөө үзүүлэх. Бүр байгальд тустай болсон байгаа биз дээ?
Тус компанийг үүсгэн байгуулагч Максим Гелман хэлэхдээ:
"Бид илүү том зүйл харж байгаа. Байгаль дэлхийг хамгаалах байтугай өөрсдийн гаргаж буй зан авир, үйлдлээ хянах чадваргүй хэсэг бүлэг хүмүүст энэ мэт олон жижиг өөрчлөлтийг хийж харуулснаар тэдэнд бага багаар нөлөөлж, улмаар асар том хэмжээний өөрчлөлтийг хийх боломжтой. Stroodles маань энгийн нэгэн үйлдвэрлэгч компани бус нэгэн төрлийн хөдөлгөөн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээг хүмүүст нэвтрүүлэгч гарц гэж хэлж болно. Манай дэлхий ийм их хог хаягдлаар дүүрчхээд байгааг мэдсээр байж ямар ч үйлдэл хийхгүй байгаа хүмүүст иймэрхүү алхам хийх нь ямар амархан бөгөөд ямар их хэмжээний нөлөөллийг үзүүлж болдгийг харуулмаар байна.
Хүмүүсийн уух юман дотор нь гоймон байж байвал гайхна биз дээ? Тэд хэсэг хугацаанд бодсоныхоо дараа "Байгаль дэлхийд маань хэрэгтэй юм байна шүү дээ" гэж ойлгох байх. Энэхүү бүтээгдэхүүнээр хүйтэн шингэн зүйл уухад тохиромжтой бөгөөд хамгийн ихдээ 1 цаг хатуу чанараа хадгална. Уух зүйл тань хэдий чинээ хүйтэн байна, төдий чинээ удаан ашиглах боломжтой. Хүүхдүүд ч мөн манай бүтээгдэхүүнд дуртай байсан. Тэднийг энэ соруулаар халуун шоколад уулгахад гоймон нь дэвтээд нугаларсан чинь бүгд инээлдэцгээж байна лээ. Энэ гоймон бол бидний нийгэмд үзүүлэх асар том нөлөөний өчүүхэн хэсэг нь юм. "