ӨСВӨР ҮЕИЙН ХҮН БҮРТ: Сахилгагүй "сармагчинтайгаа" тэмц
Хүн бүр л мөрөөдлөө биелүүлэхийг, сайхан амьдрал руу тэмүүлэхийг, аз жаргалаар дүүрэн байхыг хүсдэг билээ. Тэгвэл доор өгүүлэх зөвлөгөө чамд багагүй тус болно гэж найдаж байна.
Бидний эргэн тойрны ихэнх хүмүүс "Би аз жаргалтай баймаар байна, мөнгөтэй болмоор байна, зорилгоо биелүүлэх юмсан, бурхан мөнгө өгдөг ч болоосой" хэмээхийг бид нэг биш удаа сонсдог. Гэтэл тэд яагаад амжилтанд хүрэхгүй байна вэ? Тэдэнд мөрөөдөл байгаа шүү дээ, яг л бидэнд байдаг шиг. Магадгүй тэд бодлоо хянадаггүй бөгөөд хөдөлмөрлөлгүй хий хоосон мөрөөдөл болгож байгаа нь ажиглагддаг нь үүний гол шалтгаан болдог биз ээ.
ҮРГЭЛЖ ӨӨДРӨГ БАЙЖ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА
Үргэлж өөдрөг үзэлтэй байснаар амьдралын жижиг ч гэсэн зүйлээс баяр хөөр мэдэрч түүнээсээ урам зориг авч эрч хүч аван өөрийн хүслээ бадрааж байх нь амжилтын хамгийн гол хэлхээ юм.
ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛ
Хүн илтгэх урлаг, харилцааны чадвараа хөгжүүлснээр өөрийнхөө үзэл санаа, idea-г бусдад танилцуулж бусдаас үнэлгээ авч чадна. Хэдий сайн idea, эсээ, илтгэл байсан ч бусдад түүнийгээ илэрхийлж үл чадвал юутай харамсалтай. Харин тийм ч сайн санаа биш ч гэлээ зөв илэрхийлвэл бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь илүү хялбар байдаг шүү дээ. Хэлэх гэсэн гол санаа минь өөрийн санаагаа зөв илэрхийлж сур, тэгж чадвал амжилтанд чамайг хөтлөх болно.
АЛИВААГ ЭХЛҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ БАЙ буюу САХИЛГАГҮЙ САРМАГЧИНТАЙГАА ТЭМЦ
Аливаа ажлыг бодчихоод хойш нь тавьсаар байвал чи сармагчинд тархиа атгуулсан юм биш биз гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй! Бидний тархи маш ухаалаг учраас чамд маш хурдан хариулах болно. Хэрэв тийм бол яг одооноос сахилгагүй сармагчинтайгаа тэмцэж эхлээрэй. Энэ тэмцэлд ялж чадах аваас чи өөрийн амжилтын нэг алхмаа хийлээ гэсэн үг.
ТАСРАЛТГҮЙ ТУУШТАЙ БАЙ
Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг үгийг бид багаасаа л залхатлаа сонссоор ирсэн. Гэвч энэ үг нь маш энгийн хэрнээ чиний амьдралын амжилтын том түлхүүр болдог. Тиймээс үргэлж цуцашгүй дайчин бай, зогсолтгүй тэмүүл.
МЭДЛЭГТЭЭ БҮҮ БАРД, БУСДЫГ ХҮНДЭТГЭН ХАРЬЦ
Дээрх дөрвөн чанарыг бүрэн эзэмшсэн маш өндөр чадвартай хүмүүс олширч байгаа авч бусдыг хүндэтгэх чадамжтай хүмүүс бидний үеийнхэнд ховор мэт ажиглагдах болсон. Тиймээс тэд мэдлэгтэйдээ бардан бусдыг үл хүндэтгэх явдал цөөнгүй харагддаг. Гэхдээ бусдын мэдлэг чинийхээр, чиний мэдлэг бусдынхаар хязгаарлагдахгүй гэдгийг санахад илүүдэхгүй юм. Амжилт гэдэг бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн цагт л ирдэг учраас бусдыг хүндэтгэх хүндэтгэл чамд хэрэгтэй юм шүү.