Кино үзээд уйлдаг хүмүүс ХҮЧИРХЭГ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ

Та кино үзэж байхдаа уйлж байсан уу? Магадгүй энэ таны хувьд ердийн үзэгдэл ч байж болох юм. Гэтэл зарим хүмүүсийн хувьд хэчнээн сэтгэл нь хөдлөсөн ч уйлдаггүй байх нь бий. Харин судлаачдын нотлож буйгаар кино үзээд уйлж чаддаг хүмүүс бусдаас илүү хүчирхэг сэтгэлзүйтэй байдаг ажээ.

Сэтгэл судлаачдын хэлж буйгаар, кинон дээр гарч буй эмгэнэлтэй, сэтгэл хөдөлгөм дүрүүд буюу үйл явдлуудыг үзээд уйлж чаддаг хүмүүс эмпатийн өндөр чадвартай байдаг байна. Энэ нь өрөөл бусдын сэтгэлзүйн асуудлыг өөр дээрээ тусган авч, мэдэрч ойлгох чадвар ажээ. Мөн огт эмпатийн чадваргүй төрсөн хүмүүс ч байх нь бий.

Эмпатийн чадвартай хүмүүс бусдын хувьд сайн сонсогч, зөвлөгч байж чаддаг агаад үргэлж хэн нэгний төлөө их бага ямар нэгэн хэмжээгээр сэтгэл зовниж суудаг, өрөвч энэрэнгүй сэтгэлтэй байдаг. Уг ойлголтод зөвхөн хүнийг хамааруулж үзэх нь өрөөсгөл бөгөөд, амьтдын сэтгэл хөдлөлийг ч мөн ойлгож, тэдний төлөө санаа зовнихыг эмпатид тооцно.

Харин кино, жүжиг, уран зохиолын ном гэх мэт зүйлс дээрх хийсвэр, зохиомол дүрүүдийн үйл явдлыг тархин дотроо яг л бодит мэтээр тусган хүлээж авах нь толин нейроны онолоор тайлбарлагддаг ажээ. Толин нейрон нь аливаа сэрлийг өрөөл бусад мэдрэв үү, өөрөө мэдрэв үү гэдгийг ялгадаггүй хэсэг бүлэг мэдрэлийн эс  юм. Жишээ нь, хэн нэгэн эвшээлгэхэд бид өөрийн эрхгүй дагаад эвшээлгэх тохиолдол элбэг байдаг. Энэ нь бидний толин нейрон өөр хүний эвшээлгэсэн үйлдлийг өөрөө хийсэн мэт ойлгож, тэр мэдээллийг бусад мэдрэлийн эсүүд рүү дамжуулснаар бий болдог үр дагавар юм.

Кино үзэж суух үед хүн бүрийн толин нейрон мэдэгдэхгүйгээр үйлдлээ гүйцэтгэж байдаг. Харин зөвхөн эмпатийн чадвар өндөртэй хүмүүсийн сэтгэл хөдөлж, уйлдаг аж. Бас кинон дээр гарч буй үйл явдал нь тухайн үзэгчийн өөрийн урьд өмнө туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагатай ямар нэгэн байдлаар адилхан байх үед энэ явдал тохиолдож болдог.

Сэтгэл судлаачдын хэлж буйгаар дээр дурьдсан эмпатийн чадвар өндөртэй хүмүүс нь бусдын сэтгэл зүйг үргэлж ойлгож, санаа тавьж байдгийнхаа хэрээр өөрийнхөө сэтгэл зүйг давхар хүчирхэгжүүлж байдаг ажээ. Бусдын хувьд хамгийн сайн найз нөхөр, хамгийн сайн хань, хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн болох тэдгээр хүмүүс нийгэмд эзлэх байр суурийн хувьд үргэлж хүчирхэг, чадварлаг байдаг гэсэн судалгаа ч мөн байдаг юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.52.77)