Амьдралынхаа ХАМГИЙН ЧУХАЛ ЗУРГААН ШИЙДВЭРИЙГ гаргахад бэлэн үү?
Өсвөр насны хандлага чинь бүх амьдралынхаа турш хэн байх вэ гэдгийг чинь шийдвэрлэнэ. Хүн бүрийн өмнө тулгардаг ч тэр бүр чухал эсэхийг нь анзааралгүй алдаж онодог шийдвэрүүдийн талаар өнөөдөр онцлон хүргэж байна. Энэ удаа Шонн Ковигийн “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр” номоос сэдэвлэлээ. Энд өгүүлснээр чи өнөөдөр ямар ч нөхцөлд байсан эдгээр шийдвэрүүдийг ухаалгаар гаргахад шаардагдах бүх мэдээллийг авчихсан, сайн мууг нь ялгаад сурчихсан байх хэрэгтэй гэнэ. Учир нь замын голд ирсэн хойноо “Ээ, тэр үед мэдэж байх минь яав даа” хэмээн харамсахгүй байх хэрэгтэй.
1. Боловсролынхоо тухай цаашид юу хийх вэ?
Сурч мэдэх гэдэг дараах зүйлсийг мөрдлөгөө болговол тийм ч стресстээд байхаар юм биш гэдгийг үеийнхэн чинь зөвлөж байна.
- Дан ганц мэдээлэл оюун ухааныг орлохгүй.
- Насны багад эрдэмд шамд.
- Ажил эхэлсэн бол түүнийгээ дуусга.
- Сургуулиас зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй.
- Сургуультай холбоотой онцгүй мэдээг тэр даруй эцэг, эхдээ хэлж бай. Үгүй бол чи хэзээ ч хэлж чадалгүй хоцорно.
- Ухаалаг хүүхдүүдтэй нөхөрлө.
- Бүх үзэл бодолд нээлттэй ханд.
- Үр дүн нь тийм ч сайн биш байлаа ч зөв мэдлэг эзэмшихийн тулд шаргуу хөдөлмөрлө.
- Шалгалтын дараа ч шалгалт өгсөн материалаа эргэн харж бай.
- Хичээл хийж байх үедээ зурагт битгий үз.
Хичээж байгаа нь энэ гээд амрах ёстой цагтаа амралгүй ЯВДАГ ЗОМБИ болчхож бас болохгүй шүү.
2. Цаг хугацаа хязгаартай тул үүнийгээ юунд зориулах вэ?
Хэрэв хоногт 25 цаг байдаг байсан бол сайхансан. Гэтэл чи өдөрт 7-20 цагийг дэмий үрдгээ мэдэх үү?
Итгэхгүй байвал энэ жагсаалтын ард хэмнэж болох цагаа бичээд нэмж гаргаарай.
- Өнгөрсөн долоо хоногт зарцуулсан хугацаа.
- 7 хоногт хэмнэж болох байсан хугацаа.
- Зурагт үзэхээ багасгах.
- Цаг үрсэн дэл сул зүйлд анхаарахаа багасгах.
- Нэг их чухал биш зүйлд “үгүй” гэж хэлэх.
- Ажлыг хойш тавилгүй гүйцэтгэх.
3. Сурах нь хэн нэгэнд хийж өгч буй зүйл үү, өөрийн төлөө хийх миний үүрэг үү гэдгээ шийдэх
Боловсролоо огцом ахиулах хэдэн арга
- Маш их дурладаг зүйлсээ хобби болгон хөгжүүл.
- Орохыг хүссэн сонгон, дугуйландаа бүртгүүл.
- Сургууль дээрх клуб, спортын секц зэрэг чамайг утгаар нь сорьж чадах хөгжөөнт арга хэмжээнд оролц.
- Зуны амралтаараа сонирхдог чиглэлээрээ дадлага хий, эсвэл ажилла.
- Хүн бүрийн шилдэг гээд яриад байгаа багшийн хичээлд суу.
- Хувийн бизнесээ эхлүүл.
- Өөртөө тохирох сургалтын хөтөлбөрт элс. Сургууль бүрд янз бүрийн төрөлжүүлсэн хөтөлбөр бий.
- Гадаад улс, эх орноороо аял. Дэлхий ертөнцтэй танилц.
4. Өөрийгөө голж байдгаа болих уу?
Агуу суутнууд ч өөрийгөө авьяасгүй гэж боддог байсныг мэдэх үү? Дараах аргуудыг туршаад үзэхэд чи хэний ч дор орохгүй гэдгээ мэдэж авна. Огт хичээл зүтгэл гаргаагүй бол тооцохгүй шүү.
- Чадна гэдэгтээ итгэ.
- Хичээл таслах хэрэггүй.
- Нэмэлт даалгавар ав.
- Багш нарынхаа арга эвийг ол. Эелдэг бай.
- Эцсийн мөчид ч бүү бууж өг.
- Нөөц боломжоо шавх.
- Ухаалгаар суралцах арга барил хэвшүүл.
5. Хорт зуршил хэзээ ч чиний амьдралд орж ирэхээргүй баттай байр суурь олсон уу?
Маш олон сайн хүн архичин, мөрийтэй тоглоомч, хар тамхичин болчихсон байдаг. Тэд биднээс ялгаагүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, зорилго тэмүүлэлтэй байсан. Гэтэл өсвөр насандаа хийсэн ганц буруу шийдвэр нь тэднийг өнөөдөр нийгмээс тусгаарлах болжээ.
6. Өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн хэмээн мэдрэх алхам хийсэн үү?
Үнэ цэнэ гэдэг бол өөртөө итгэх итгэл, чи өөртөө хэн гэж харагдаж байгаа дүр төрх, өөрийгөө хэн гэж боддог тухай ойлголт юм. Чиний үнэ цэнэ төсөөлж байгаагаас чинь хавьгүй илүү байх.
Эцэст нь хэлэхэд, өсвөр насандаа хожмын ирээдүйгээ бүтээж, аль эсвэл нурааж ч болох эдгээр шийдвэрээ маш болгоомжтой гаргаарай. Ганц нэг алдлаа гээд амьдрал зогсчихгүй шүү дээ. Даруйхан алдаагаа засч ухаалаг сонголт хийж эхэл!