2020 онд гар утасны League of Legends нээлтээ хийхээр боллоо
Энэ сард 10 жилийн ой нь тохиож буй, алдарт League of Legends тоглоомын гар утас болон тоглоомын консолд зориулсан хувилбар нь гарна хэмээн хөгжүүлэгч Riot Games мэдэгдлээ. Тэрхүү шинэ хувилбар нь Wild Rift нэртэй байх аж.
Гар утас болон консол дээр компьютерын League of Legends-ийн мэдрэмжийг бий болгохын бүх зүйлийг нь эхнээс нь хөгжүүлж байгаа гэнэ. Wild Rift тоглоом 2020 онд нээлтээ хийх бөгөөд одоогоор Google Play дээр урьдчилан бүртгүүлэх боломжтой. Харин консолд зориулсан Wild Rift хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.
Цахим спорт сонирхогчид League of Legends-ийн гар утасны хувилбар гарна хэмээн удаан хугацааны туршид таамаглаж байсан ч анх удаа албан ёсоор мэдэгдэл хийсэн нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд Fortnite, Call of Duty, PUBG зэрэг томоохон компьютерын тоглоомууд гар утсанд зориулсан хувилбараа гаргаж багагүй амжилтыг олоод байгаа билээ.
Эдгээрээс PUBG Mobile хамгийн өндөр ашиг орлоготой байгаа бол саяхан нээлтээ хийсэн Call of Duty Mobile ч мөн хэд, хэдэн дээд амжилтыг тогтоогоод байна.