“Би юу өмсөх вэ?” гэсэн асуудлыг тань шийдэх 12 хувцас
Бидний шүүгээнд олон тооны хувцас өлгөөтэй байдаг ч юу өмсөхөө шийдэх нь зарим хүний хувьд амаргүй зүйл билээ. Амжилтад хүрсэн ихэнх хүмүүс өдөр тутамдаа төстэй хувцас өмсдөг нь энгийн нэг тохиолдол биш юм. Тийм ч учраас алдарт загвар зохион бүтээгч Майкл Корс “дүрэмт хувцас буюу зайлшгүй байх ёстой хувцас”-ны талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Харин Bright Side сайтаас бидэнд өдөр тутамд тулгардаг “юу өмсөх вэ?” гэдэг асуудлыг шийдэх 12 хувцсыг санал болгожээ.
1. БАРИУ ЖИНС
Өдгөө бариу жинс нь “сонгодог” хувцаслалтын нэг болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь та жинсийг пүүз, кет, ямар ч төрлийн цамц, фудволкатай хослуулж өмсөж болно. Үүгээр зогсохгүй өндөр өсгийттэй ч сайхан зохицно шүү дээ. Мөн жинс өмссөнөөр бидний өөртөө итгэх итгэл нэмэгдэх тул та хувцасны шүүгээндээ заавал байлгаарай.
2. БОГИНО ХАР ДААШИНЗ
Богино хар өнгөтэй даашинзыг өндөр өсгийт эсхүл сандаль дээр тохируулан өмсөх боломжтой. Өглөөний цай, үдшийн болзоо гээд ямар ч үед өмсөхөд тохиромжтой шүү.
3. ЦАГААН ЦАМЦ
Цагаан цамц бол ямар ч үед таны “аврагч” гэсэн үг. Учир нь цагаан цамцыг өндөр өсгийт, намхан ултай гутал, жинсэн өмд, эсхүл юбкатай ч тохируулан өмсөж болно. Мэдээж та дуртай гоёл чимэглэлээ хослуулах боломжтой. Тийм ч учраас эмэгтэй хүний хувцасны шүүгээнд цагаан цамц зайлшгүй байх хэрэгтэй.
4. ЖИНСЭН ХҮРЭМ
Энгийн, чөлөөтэй хувцаслахыг хүссэн үед жинсэн хүрэм таны үнэнч нөхөр байх болно. Ялангуяа хавар, намрын улиралд бариу эсвэл сул өмдөн дээр хоолойтой цамцтай хослуулан өмсөж болох юм.
5. САВХИН ХҮРЭМ
Хэрвээ та илүү эрч хүчтэй харагдахыг хүсвэл таны баатар “савхин хүрэм” байх болно. Учир нь энэ бол бүх цаг үеийн сонгодог загвар бөгөөд зохихгүй хүн гэж үгүй. Тийм ч учраас хар савхи таны үдшийн болзооны дэгжин хувцаслалтын нэг хэсэг ч байж болно.
6. ХАР ӨНГӨТЭЙ ӨНДӨР ӨСГИЙТ
Хэдийгээр та өндөр өсгийт өмсдөг төрлийн эмэгтэй биш байж болох ч хар өнгийн өсгийттэй байхад илүүдэхгүй шүү. Албаны болон энгийн хувцас өмсөхдөө ч хар өсгийтийг тохируулан өмсөх боломжтой. Мөн таны өөртөө итгэх итгэл ч нэмэгдэх болно. Тиймээс өөртөө тохирсон загвар сонгож аваад, гутлын шүүгээндээ хадгалаарай.
7. ЦАГААН ПҮҮЗ
Гутлын шүүгээнд цагаан пүүз зайлшгүй байх ёстой олон шалтгаан байгаа боловч “хөлд эвтэйхэн” гэдэг нь хамгийн чухал. Загварлаг бас хөлд эвтэйхэн учраас өдөр тутмын хувцаслалтын нэг хэсэг болгохдоо эргэлзэх хэрэггүй. Converse, Adidas, Nike-аас эхлээд хэдэн зуун загварын сонголт байгаа тул өөртөө тохирсон цагаан пүүз олж авахад ямар ч асуудалгүй шүү.
8. ТОМ ПИДЖАК
Он удаан жилийн турш загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж, сонгодог загваруудын нэг болсон хувцас бол “том пиджак”. Алдартай хүн бүр л өөрсдийн дүр төрхийг цогцлоосон том пиджактай байдаг.
9. ХАР ГУТАЛ
Өөрт тохирсон гутлаа олчихвол пүүз шиг л тав тухыг мэдэрнэ гэсэн үг. Чухал уулзалтад орох бол хослол дээр өмсчихнө, найзуудтайгаа кофе уух, тоглолт үзэхээр явахдаа жинс болон хүрэмтэйгээ хослуулаад өмсөж болно.
10. ЦУЛГҮЙ ФУДВОЛКА
Хар, цагаан, ногоон, цэнхэр гэх мэт ямар ч өнгийн өмд, шортон дээр цагаан фудволка үнэхээр сайхан зохицдог. Мөн өөрийн дуртай цүнхтэйгээ хослуулахад ч асуудал үүсэхгүй.
11. ХАР ӨМД
Жинсэн өмдтэй адил хүн бүрийн шүүгээнд байх ёстой хувцас бол хар өмд. Жийнсэн, савхин хүрэм, цамц, топ, фудволкатай хослуулж болно.
12. ХАР БАРИУ ӨМД
Йогоор хичээллэхдээ өмсдөг өмдтэйгөө гадуур явна гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Дасгал хийхдээ эсвэл гүйхдээ л хар бариу өмдийг өмсөнө гэж боддог бол та буруу боджээ. Учир нь том цамц, хүрэмтэй хослуулж өмсөж болно.
Мөн ихэнх хувцасны дэлгүүрээс биеийн галбиртай тохируулж авах боломжтой, өмсөхөд тухтай эд шүү!