Судaны дүрвэгч бүсгүй оны модель болжээ
Өмнөд Суданаас гаралтай 19 настай модель Адут Акеч “British Fashion Awards” шагналаас “Оны модель” цол хүртсэн байна. Өмнө нь бүсгүйн гэр бүл түүнийг сургуульд явуулах ч боломжгүй байсныг хэвлэлд дурджээ.
Энэ баярт үйл явдалтай холбогдуулан мэргэжил нэгтнүүд нь, тухайлбал модель Ирина Шейк, Венсан Касселийн гэргий Тина Кунаки, домогт супермодель Наоми Кэмпбелл нар хэдийнэ баяр үргэжээ.
Энэ нь Акечийн анхны дорвитой шагнал биш юм. Тухайлбал, өнгөрсөн жил тэр нэрд гарсан Models.com порталын “Индастрийн сонголт” шагнал хүртэж, жагсаалтад олны хайртай Жижи Хадидын өмнө оржээ.
“The Blueprint” порталд бичсэнээр, Адут иргэний дайнд нэрвэгдсэн Суданаас ээж нь том хүүхдүүдийнхээ хамт дүрвэн гарах үед замд төрсөн байна.
Адутын гэр бүл Кени улс дахь дүрвэгсдийн хуаранд удаан хугацаагаар аж төрж байжээ. Сүүлд нь Австралид очсон байна. Адут 13 настайдаа загвар өмсөгчдийн тайзнаа анх гарч, загварын ертөнцөд амжилт олж байсан хэдий ч, сургуулиа эс орхиж, боловсролтой болохоор хатуу шийджээ.
Бүсгүй “Saint Laurent”-тай гэрээ байгуулсан 2017 онд түүнд жинхэнэ нэр алдар ирсэн байна. Сүүлд нь тэр Valentino, Dior, Chanel болон Versace компанийн шалгаруулалтад оролцож болжээ. 2018 онд Адут ”Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд таван удаа гарсан байна.
Загварын ертөнцөд дөнгөж хөл тавьж буй моделиуд ч өөрөөс нь зөвлөгөө авахаар байнга ханддагийг бүсгүй өөрөө хүлээн зөвшөөрчээ. Энэ нь өөрийн түүхэн эх орон – Өмнөд Суданд өөрийн агентлаг нээх тухай бодоход түүнийг хүргэсэн байна.
“Тэнд асар их чадамж бүхий хар арьст үзэсгэлэнт охид олон бий, гэвч тэдэнд бусдад анзаарагдах ямар ч холбоо харилцаа, ямар ч хөрөнгө мөнгө байхгүй” гэж моделийн хэлснийг сэтгүүлд иш татан дурджээ.
Б.Атар
Эx сурвaлж: Bataar.mn