Шавиа хүчирхийлэгч жүдогийн багш шоронд орлоо
Австрийн Вена хотын шүүхээс жүдоч, дасгалжуулагч асан Петер Зайзенбахерт бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр таван жилийн хорих ял оноолоо.
2016 онд Вена хотын Прокурорын газраас түүнийг 1998-2000 онд жүдо бөхийн клубт багшилж байхдаа өөрийн шавь болох хоёр бага насны хүүхдийг хүчирхийлснийг тогтоон мөрдөн шалгаж эхэлсэн билээ. 2017 онд Зайзенбахерыг шүүхэд дуудсан боловч ирээгүй тул эрэн сурвалжилж эхэлсэн. Тэрбээр Киев хотод орогнож байсныг Украины Цагдаагийн газраас баривчлан, Австрид хүлээлгэн өгсөн юм.
Петер Зайзенбахер 1984, 1988 оны олимпын жүдо бөхийн 86 кг-ын жингийн аварга. Хоёр олимпод дараалан түрүүлсэн анхны жүдоч болж байв. 2010-2012 онд Гүржийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, Лаша Шавдатуашвилиг Лондоны олимпын аварга болгосон билээ.