Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалаа
Өмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоолоо.
Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM” компанийн харуулд буудуулсан хэрэг гарч байсан удаатай.
Тус улсын хамгийн ядуу бүс нутаг болох Кава-Зулу Натал мужид үйл ажиллагаа явуулдаг “RBM” компани туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ цуцлах, гэрээт ажилчдын хөдөлмөрийн хөлсийг хасах шийдвэр гаргасан юм. Нутгийн иргэд, туслан гүйцэтгэгч компаниуд Рио Тинто компанийн баримталж буй бодлогыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулах болжээ.
Өмнөд Африкийн зүүн эргээс 17 км-ын зайд орших титаны уурхай нь дэлхийд нөөцөөрөө эхний тавд эрэмбэлэгддэг. Рио Тинто компани “RBM”-н 74 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд нутгийн иргэд, орон нутгийн удирдлагууд, үйлдвэрчний эвлэлтэйгээ үл ойлголцох болсон нь ийнхүү эмх замбараагүй байдал болон хувирчээ.
Хөрөнгө оруулагч тал болох Рио Тинтогийн зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 463 сая ам.долларын хөрөнгө оруулна гэж зарласан юм. Гэвч үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдлыг аль болох нааштайгаар шийдвэрлэхийг хөрөнгө оруулагч тал болон компанийн ажилчдад уриалжээ.
Сүүлийн ердөө нэг жилийн дотор компанид хоёр ч удаа зэвсэгт мөргөлдөөн гарсан нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар титаны баяжмалын гарц ил буурсан байна. Энэ онд мөн адил 500 гаруй мянган тонноор багасах төлөвтэй байна.
Эx сурвaлж: Zindaa.mn