Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийг амьдаар нь шатаажээ

Энэтхэгийн Уттар Прадеш мужид энэ оны гуравдугаар сард хоёр эрэгтэйд хүчирхийлүүлсэн 23 настай бүсгүйн шүүх хурал үргэлжилж байгаа ажээ. Гэвч бүсгүй шүүх хурал руу очих замдаа зулын гол болон амьдаараа шатаж биеийн байдал нь хүнд, үхэл амьдралын зааг дээр тэмцэлдэж байна.

Бүсгүйг шатааж хүндээр түлэгдэхэд хүргэсэн хэрэгт таван эрэгтэйг сэжиглэн баривчилсан бөгөөд тэдний дунд эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан шүүгдэж байсан хоёр эрэгтэй багтжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр хохирогч шүүх хуралд очихоор галт тэрэгний буудал дээр зогсож байсан гэв. Гэнэт бүлэг эрэгтэйчүүд гарч ирэн, түүнийг хүчээр чирж ойролцоох талбайд аваачин галдан шатаажээ. Одоо бүсгүй 90 хувийн түлэгдэлтэй  Лукноу хотын эмнэлэгт байгаа бөгөөд удахгүй агаарын түргэн тусламжийн хэрэгслээр Дэли хотод хүргэгдэх юм байна.

Уг хэрэг Уннао дүүрэгт гарчээ. Уннао дүүрэгт өнгөрсөн зун хүчирхийллийн гэмт хэрэгт холбоотой өөр хэрэг гарч олны анхаарлыг татсан юм. Дүүргийн эрх баригч намын албан тушаалтан долдугаар сард хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж, хохирогч эмэгтэй автомашины осолд орж хүндээр бэртсэн байна. Ослын үеэр хохирогчийн хоёр хамаатан амиа алдаж өмгөөлөгч нь бэртжээ. Цагдаагийн газар албан тушаалтны эсрэг хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган шалгаж байна.

Ердөө долоо хоногийн өмнө Энэтхэгийн Хайдерабад хотод 27 настай малын эмч бүсгүйг бүлэглэн хүчирхийлж амь насыг нь хороосны дараа цогцсыг нь шатаасан хэрэг илэрсэн билээ.

Статистик судалгаагаар Энэтхэг улсад ганц хоногт л гэхэд зуу орчим хүчирхийллийн гэмт хэрэг гарч байна. Гэвч тэр бүр мэдэгдээд байдаггүй, ердөө ганц нэг нь л олон нийтэд хүрч байгаа гэжээ.

Эx сурвaлж: Livetv.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.213)