Шинэ жилийг бие, сэтгэлийн хувьд өөдрөг эхлүүлэхэд тань туслах ЗӨВЛӨМЖҮҮД

Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд шинэ онтой золгоход нэг сар үлджээ. Өглөө бүр урьдын адил нар мандаж дөрвөн улирал ээлжлэн солигдсоор 2019 оны арванхоёрдугаар сар ирсэн байна. Энэ бол бодсон ч ажил хэрэг болгож чадаагүй зүйлсээ амжуулах сүүлийн боломж.

Өнгөрсөн жилийн өдийд та юу төлөвлөсөн байв? Түүндээ хүрч чадсан уу? Одоо сэтгэл хангалуун байна уу? Дурсамжаараа аялж, бодоод нэг үзээрэй. Алдсан бас оносон зүйлүүд олон байгаа байх. Таныг бие болоод сэтгэхүйн хувьд ямар нэгэн байдлаар сайжирсан гэдэгт итгэлтэй байна.

Шинэ бүхний эхлэлийг тавих шинэ жилийн баяр хаяанд иржээ. Тиймээс энэ сард таны заавал анхаарал хандуулах, эхлүүлэх бас амжуулах хэрэгтэй зүйлүүдийг хүргэж байна.    

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД ХАМГИЙН ЧУХАЛ

Энэ сард таны нэн тэргүүнд анхаарал тавих ёстой зүйл бол сэтгэл зүйн эрүүл мэнд билээ. Хүн бүр өөрийн гэсэн цорын ганц, дахин давтагдашгүй дотоод ертөнцтэй. Бүгд л асуудалтайгаа тэмцэж, шийдэл олохоор хичээж яваа. Гагцхүү харах өнцөг, хандлагаараа хоорондоо ялгагдана.

Эерэг хандлагатай хүн ямар ч асуудалд шийдэл байгаа гэдгийг далд ухамсартаа суулгасан байдаг. Та айдас, асуудалтайгаа нүүр тулдаг уу? Хэрэв бүгдээс зайлсхийж зугтдаг бол энэ сард нүүр тулж, халз үзэх цаг иржээ. Удахгүй бид бүхний хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулсан шинэ жилийн баяр болох гэж байхад хөмсгөө зангидаж, бодолд дарагдаж суугаа юм биш биз. Дотоод гүнд тодорхойлохын аргагүй хоосон, ёроолгүй ангал бий. Тийшээгээ өнгиймөгц бид айдаст автдаг. Тиймээс бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө ойлгож, эргэлзээтэй асуудлуудыг шийдэх нь чухал ач холбогдолтой. Зугтах бус тунгааж, аажим аажмаар тодорхойгүй нөхцөл байдлаас сал.

Сэтгэл санааны амар амгалан байдал бол аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын үндэс. Хийсэн алдаа бүрээ арванхоёрдугаар сартай хамт үдэн өөрийгөө уучилж, шинэ жилээ эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн, балиар өөдрөг сэтгэл зүйтэй угтаарай. Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Бүх зүйл шалтгаан нөхцөлийн түгжээс байдаг. Тэр түгжээг тайлаад эерэг хандлагаар ирээдүй рүү тэмүүлэх сонголт бидний гарт байна. Зовлонг таньж байж л жаргалыг танина. Үнэн хэрэгтээ жаргалын булаг таны дотор оршиж байдаг. Дотоод гүн рүүгээ өнгийгөөд хар. Уйтгар зовлон, асуудал бэрхшээл хаана байна?

АМЬДРАЛ БОЛ СУРАЛЦАХУЙН НЭР

Хүн ер нь насан туршдаа өөрийгөө таньж, эрж хайсаар байдаг. Шинээр сурах, мэдэх, хөгжих зүйл хязгааргүй. Хамгийн гол нь дотоод дуу хоолойгоо сонсож явбал та хэзээ ч төөрөхгүй. Мянга түм алдахаас битгий айгаарай. Гагцхүү нэг алдаагаа улиг болгон давтах хэрэггүй. Ухаарал бүрээрээ та хөгжинө. Амьдрал бол тэр чигтээ суралцахуйн нэр.

Хүмүүс үл мэдэх байдлаас болж хамгийн их бухимддаг. Тодорхой харж чаддаггүй учраас л ахин дахин алддаг. Асуудалд бодит хандаж чадвал бусадтай өрсөлдөж, өөрийгөө харьцуулах хэрэггүй болно. Хамгийн гол нь өнөөдрийн та өчигдрийнхөөсөө ямар нэгэн байдлаар сайжирсан бол тэр хамгийн том амжилт.

Юу хийхээс биш, өөрөө хэн байхаас бүх зүйл хамаардгийг ойлговол ээдрээ тайлагдана. Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айдаг нь хорвоогийн жам.  Энэхүү хувь хүний тестийг бөглөөд өөрийгөө ямар төрлийн хүн болох мөн ямар мэргэжил илүү тохирох зэргийг олж мэдээрэй. Нэг ч гэсэн тодорхойгүй байдлыг арилгаж чадна гэдэгт итгэж байна.

СОНГОЛТ БАГАСАХ ТУСАМ БУХИМДАЛ АРИЛНА

Бид үнэндээ маш олон сонголт дунд амьдардаг. Тэр хэрээрээ цаг зарцуулдаг. Сонголт багасах тусам бухимдал арилна.

Хүч чадал бол чиний өөрийн төлөв байдал. Энергиэр бялхах үедээ чи хүчтэй болж, алдах юм бол сул дорой болно. Хэрэгтэй, хэрэггүй олон шийдвэр гаргах нь таны эрч хүч, энергийг сордог. Тийм ч учраас өдрийн төгсгөлд толгой тархи ядарч, бие сульдсан байдаг.

Шинэ оноо эерэг сэтгэл зүйтэй угтахын тулд сонголтыг багасгах хэрэггүй эд зүйлсдээ баяртай гэж хэлээрэй. Дэлхий нийтээр чамин тансаг хэрэглээнээс татгалзаж, энгийн бухимдалгүй амьдрал руу тэмүүлэх болжээ. Өмсөнө, ашиглана гэсээр хэдэн жилийг ардаа үдсэн тэр зүйлүүдийг зоригтойгоор хаяхыг зөвлөж байна. Хуучин хувцаснуудаа хэрэгтэй хүмүүст нь хандивлаж болно шүү дээ. Ингэснээр та жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Материаллаг эд зүйлсээс татгалзаж энгийн бөгөөд хялбар амьдралын хэв маягт шилжих эхлэлээ энэ сард тавиарай.

ХАЙР БОЛ АМЬДРАЛЫГ ГЭРЭЛТҮҮЛЭГЧ НАР

Бид хайртай хүмүүстээ хэр их цагийг зарцуулдаг бол? Үнэ цэнийг нь ойлгож мэдэрдэг болов уу? Та энэ жил гэр бүлийнхэндээ хэдэн удаа хайртай гэж хэлсэн бэ? Үнэндээ бид тэдэнгүйгээр хэн ч биш. Энэ бол амьдралын хатуу үнэн. Хүн гэдэг нийгмийн амьтан, угаас хоорондоо харилцаж, хайрлаж бас хайрлуулж байж л орчлон хорвоод оршдог. Хайр бол амьдралын утга учир, бүхнийг гэрэлтүүлэгч нар, амьдрах итгэлийг бадраагч цорын ганц хэмжигдэхүүн.Бид хамгийн үнэ цэнэтэй хайртай, дотнын хүмүүстээ шинэ жилийн сэтгэлийн бэлэг бэлдвэл тэд ямар их баярлах бол? Нүүрэндээ мишээл тодруулаад, чин зүрхнээсээ баярлаж байгааг харах нь хамгийн гайхалтай мэдрэмжийг өгөх болно. Тиймээс одооноос бэлгээ бэлдэж эхлээрэй. Хүнийг баярлуулж байгаа хүн өөрөө хамгийн их баяр баяслыг авч чаддаг нь маргашгүй үнэн.

Мөн хайртай хүмүүстээ цаг гаргахаас гадна удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаарай. Хэн нэгэнд гомдол тээж яваа бол тэр бүхнийг чөлөөлж, явуулах боломж танд бий. Өнгөрсөндөө хүлэгдэн харамсаж амьдрахыг хүсэхгүй байвал бүгдийг уучилж, яг одоо бусдад хайр түгээ. Таны зүрх цэцэглэнэ.

ЦАГ ХУГАЦАА БА НЭГ САРЫН ҮНЭ ЦЭНЭ

Цаг хугацаа урсан өнгөрч, амьдрал үргэлжилсээр л. Хүн бүрд жилийн 365 хоног, хоногийн 24 цаг оногддог. Цаг хугацаа бол хүн болгонд илүү ч үгүй, дутуу ч үгүй ижил тэгш олгогддог бэлэг. Хэрхэн ашиглах нь таны дур.

Энэ оны сүүлийн сар бол бодсон ч ажил хэрэг болгоогүй зүйлсээ хэрэгжүүлэх сүүлийн боломж. Төлөвлөсөн ч дуусгаагүй ажлаа гүйцээж, сэтгэл ханамж авахад хараахан оройтоогүй байна. Нэг сарын үнэ цэнийг утгаар нь ашиглах боломж нээлттэй.

Ганцаараа кофе шоп орж, өөрийгөө баярлуулж болно. Аль эсвэл өмнө нь огт хийж байгаагүй зүйлийг туршиж үзэж болно. Бодсон зүйл байвал одоо л амжуулах цаг.

ТАЛАРХАЖ АМЬДРАХ НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ АЗ ЖАРГАЛЫН ҮҮД ХААЛГЫГ НЭЭДЭГ

Бүх хүмүүст ямар нэгэн зүйлд баярлаж, талархах шалтгаан заавал байдаг. Заримдаа бид зүгээр л сохорчихдог. Талархлын тэмдэглэл хөтөлж эхэлснээр таны нүд нээгдэж, ямар гайхамшигтай хорвоо ертөнцөд амьдарч байгаагаа ойлгоно.  

Бүх зүйл олон өнцөгтэй байдаг ч өөртөө хэт хатуурхах нь таныг хонгилын үзүүр лүү түлхэж мэднэ. Өөрийгөө ялан дийлсэн өдрүүдээ санаж, өөртөө баяр хүргээрэй.

ЭРҮҮЛ БАЙХ НЬ ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭЖ БУЙ ХАМГИЙН ТОМ ХАРИУЦЛАГА

Хэрэв та эрүүл мэнддээ хайнга ханддаг бол энэ сараас эхлэн эрүүл амьдралын хэв маягт суралцаж эхлэхийг зөвлөж байна.

Ядахнаа өглөөний цайгаа уудаг, ямар бүтээгдэхүүн биед чинь хор болдгийг мэдэх шаардлагатай. Эрүүл биш бол тэр их хөрөнгө мөнгө, алдар нэр хэнд ч хэрэгггүй. Эрүүл хүн эрхэм баян. 

Дасгал хөдөлгөөн хийх, йога бясалгал хийх зэргээр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч болно. Нөгөө талаас зөв хооллолтын талаар ерөнхий мэдлэгтэй болж, өөрийн бие физиологийг хайрлаарай.  

ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙХ УУ? ҮНЭТ ЦАГАА ҮРЭХ ҮҮ?

Шинэ жилээс өмнө компьютер, утсан доторх бүх зүйлээ цэгцлэхийг зөвлөж байна. Дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж, шинэ жилийг шинэ цаас шиг эхлүүлье. Хэрэггүй имэйлүүдээ устгаж, чамайг үнэлж хүндэлдэггүй, хортой харилцаатай хүмүүсээс ч бас ангижрах хэрэгтэй. Өөрийг чинь үнэ цэнийг мэддэг, амьдралыг гэрэлтүүлдэг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хүмүүс бол тэр чигтээ урам зориг. 

Бие болоод сэтгэл санаагаараа бүх зүйлийг эмх цэгцтэй эхлүүлэх нь амьдралын шинэ түүхийг бүтээж байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.243)