Ханиад хүрсэн бол эхний гурав хоногт өөртөө анхаарал тавиарай
Утаанаас гадна ханиад гэдэг зүйл бидний өвлийн улиралд дургүй байдаг шалтгаануудын нэг шүү дээ. Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон "ханиад томууны улирал"-ын үед ханиад хүрсэн үед яг ямар арга хэмжээ авах талаарх зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
Бидний хамгийн их тусдаг өвчнүүдийн нэг бол ханиад. Америкт л гэхэд ханиад хүрсэн тохиолдол жилд 1 тэрбум гаруй удаа бүртгэгддэг байна.
ЭХНИЙ ГУРВАН ӨДӨР ХАЛДВАР ХАМГИЙН ИХ ТАРХДАГ
Ханиад хүрсэн хүн чухам хэзээнээс бусдад халдвар тараахаа больдог вэ гэдгийг тодорхойлох хэцүү хэмээн Торонтогийн их сургуулийн халдварт өвчин судлаач, зөвлөх доктор Исаак Богоч хэлсэн байдаг. Гэвч! Таны биед ханиадны вирус орсон тэр цагаас хойш 3 өдрийн турш та ханиадны вирусийг бусдад маш их хэмжээгээр халдаадаг байна. Энэ үед найтаах, хамар шархирах, хоолой өвдөх, бие сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Ханиадны эхэн үед өвчний зовуурь бидний биед маш хүчтэйгээр мэдрэгддэг. Тиймээс болж өгвөл ажил сургуулиасаа чөлөө авч, хэвтрийн дэглэм сахиж, орондоо амарч, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж, бусдад халдвар тараахаас аль болох зайлсхийгээрэй.
Ханиад хүрсний дараа ханиадны халдвар яг хэр удаан хугацаанд бусдад халдварлах боломжтой вэ гэх асуултын хариултыг одоог хүртэл олоогүй байгаа ч энэ хугацаа 5-7 хоногийн хооронд үргэлжлэх магадлалтай хэмээн доктор Богоч судалгаандаа дурдсан байдаг.
Ерөнхийдөө бол ханиадны шинж тэмдгүүд илэрч л байвал бусдад халдвар тарааж байна гэсэн үг. Ханиад ихэнх тохиолдолд 7 хоногийн хугацаанд л эдгэрдэг.
АЖИЛ СУРГУУЛЬДАА ЭРГЭН ОРОХОД БЭЛЭН БОЛСОН БОЛ...
Ажил сургуулиасаа 7 болон түүнээс дээш хугацаагаар чөлөө авах нь тийм ч амар биш тул ханиадны шинж тэмдэг хамгийн их илэрдэг оргил үе нь өнгөрөх юм бол ажил сургуульдаа буцаад орох боломжтой.
Гэхдээ та яг бүрэн эдгэрээгүй ч ажил сургуульдаа эргэн орохдоо бэлэн байна гэж үзвэл бусдад халдвар тараахаас сэргийлэн маск зүүж, гарын ариун цэврийг чанд сахих хэрэгтэй.
Хэрэв долоо хоногийн дараа ч амьсгалахад бэрхшээлтэй, бөөлжиж, суулгаж, ханиадны шинж тэмдгүүд алга болохгүй байх асуудал гарвал эмнэлгийн байгууллагад хандаарай.