Өглөө эрт босож сурахын тулд хэрэгжүүлэх алхмууд

Өглөө эрт босоход бүх зүйлс маш тайван болчихдог. Ид шидийн гэмээр амар амгалан, юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн өөртөө цаг гаргаж болох цаг. Тайван зүйлсэд хэтэрхий дурлачихсан хүн болохоор бүх хүн унтчихсан нам гүм чимээгүй орчинд өглөөний кофегоо чанах зуураа өөрийнхөө хамгийн дуртай төгөлдөр хуурын аяыг аяархан тавьчхаад замын гэрлийг цонхоороо тольдон элдвийг биш эгэл жирийн зүйлс бодонгоо ирээдүйгээ төсөөлж жаргалтай нь аргагүй инээчхээд кофегоо амтархан ууж дуусгаад эрч хүчтэй гэгч нь ажлаа эхлүүлэх дуртай хүндээ би. Өглөөний гайхамшгийг мэдэрсэн цагаас хойш өглөө эрт босож амар тайвныг мэдрэх нь бараг хобби минь гэлтэй боллоо. Өнөөдөр та бүхэнд сүүлийн 2, 3 сарын хугацаанд өглөөний хүн болсон тэмдэглэлээ хуваалцах гэж байна. Мөн өмнөх саруудад өглөө эрт босох нь миний хувьд хамгийн том "ял" байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрчихье. Тэр том ялаас яаж амьдралын хэв маяг болтлоо өөрчлөгдсөнийг дараах тэмдэглэлд өгүүлэх болно.  

1. ЭРТ УНТАХ

Эрт унтах гэдэг нь эрт унтах нөхцөлөө бүрдүүлээд тайван амрахыг хэлнэ. Хийх ажлууд их, хичээл бие даалт давхцаад юун эрт унтах гэж бодож байгаа бол тухайн ажлуудаа яагаад өглөө эрт хийж болохгүй гэж? Орой бүр өөртөө “Би өнөөдөр эрт унтаж өглөө эрт босох учраас маргаашдаа бэлдчихье, хийх хичээлүүдээ ширээн дээрээ бэлдээд тавьчихъя” гэсэн бодолтойгоор өөрийгөө бэлтгэвэл эрт унтах гэдэг асуудал биш.

Та хүн өдөрт хэдэн цаг унтах шаардлагатай байдгийг мэдэх үү? Харвардын их сургуулийн профессор Чарльз Ксейслер хүний насны ялгаа унтах хэмжээний зохицлыг тодорхойлохыг зорьж нэгэн судалгаа хийсэн байдаг. Энэ туршилтын үр дүнд:

- 4-11 сартай хүүхэд 14-17 цаг, 
- 1-5 настай хүүхэд 12-15 цаг,
- 6-13 настай хүүхэд 11-14 цаг,
- 14-17 настай хүүхэд 9-11 цаг,
- 18-25 настай хүн 8-10 цаг,
- 26-64 настай хүн 7-9 цаг тус тус унтах ёстой хэмээн тогтоосон байна.

Энэхүү судалгаанаас харахад яг ч 8 цаг унтах ёстой гэсэн үг биш болохыг харж болно. Хэрвээ та өөрийн эрүүл мэнддээ ач холбогдол өгдөг, өөрийгөө хайрладаг хүн бол хангалттай нойроо авах нь чухал гэдгийг маш сайн мэдэх байх. Та өглөө эрт босож сурмаар байвал хэдэн цагт унтах ёстойгоо ч мэддэг байх хэрэгтэй. Өглөө 5 цагт босохыг зорьж буй бол 8 цагийн өмнө унтах нь зөв.

2. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Эрт босохоор зорилго тавьсан бол яагаад босох гэж байгаа зорилгоо ч мөн адил тодорхойл. Зарим хүмүүс эрт босоод хийх ажлаа тодорхой болгоогүйн улмаас буцаад унтчихдаг. 5 цагт босоод юу хийх гэж буйгаа өөрөөсөө асуугаад үз. Хэрвээ хариулт олдохгүй байвал та эрт босохыг хүссэн ч буцаад унтчихна. Харин хариулт чинь бэлэн байвал өглөө эрт босох таны хувьд асуудал биш. Нэг ёсондоо өглөө босох нөхцөлөө өөртөө бүрдүүл гэсэн үг.

Жишээ нь: Та өөрийгөө 12-р ангийн сурагч гэж төсөөл. Танд хийгээгүй 2 гэрийн даалгавар, маргааш шалгуулах ёстой 1 бие даалт байлаа гэж бодъё. Тэр бүгдийг хийж дуусгахын тулд ойролцоогоор 4 цагийн хугацаа хэрэгтэй. Тэгвэл та тэрхүү хичээлүүдээ ширээн дээрээ дэлгэж тавиад, хийх дарааллаар нь цэгцлээд 5 цагт сэрүүлгээ тавиад унтах хэрэгтэй. Хэрвээ та муу гарахыг болон багшдаа загнуулахыг хүсээгүй л бол шууд босох болно. Энэ нь "хүчээр" сэрж байгаа хэрэг боловч хамгийн үр дүнтэй арга юм. Бас нэг зүйл нэмж хэлэхэд унтахаасаа өмнө ширээн дээрээ маргааш өглөөд хэрэг болохуйц бүх зүйлсээ бэлдчихээд унтах нь эрт босоход их нөлөө үзүүлдэг шүү. Туршаад үзээрэй.

3. СЭРҮҮЛЭГ ТАВИХДАА...

Бидний гаргадаг түгээмэл үйлдэл бол сэрүүлгээ хойшлуулах. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Миний хувьд сэрүүлгээ хойшлуулж унтахаас сэргийлж 4 арга ашигладаг.

Сэрүүлгээ өөрөөсөө хол тавих: Сэрүүлгээ өөрийн гар хүрэхээргүй, босож унтраахад дор хаяж 5 алхам шаардагдахаар хол тавих хэрэгтэй. Унтраахаар алхаж байхдаа нойр чинь сэргэнэ гэсэн үг. Хэрвээ сэргэхгүй бол сэрүүлгээ унтраачхаад шууд ариун цэврийн өрөөндөө ороод нүүрээ угаа.

3 өөр газар сэрүүлэг тавих: Би эхэндээ сэрүүлгээ хол тавьсан ч унтраачхаад унтчихдаг байсан. Хэрвээ үнэхээр унтраагаад байвал дараагийн нэг арга нь 3 төхөөрөмжид сэрүүлэг тавиад тэрийгээ 3 өөр газар байршуулах.

Хөөх! 3 төхөөрөмж өө? Гэж гайхаж байгаа бол танд санаа өгье. Ээж, аав, дүү, эгч, ахынхаа утас, сэрүүлэгтэй цаг зэргийг ашиглаж болно шүү. Туршаад үзээрэй.

- Сэрүүлгээ хамгийн чанга дээр нь тавь: Өглөө 5 цагт танай гэр бүлийнхэн нам унтаж байх болно. Та хайртай гэрийнхнийгээ сэрээхийг хүсэхгүй л байгаа бол сэрүүлгээ дуугармагц хар хурдаараа очин унтраах болно. Мэдээж та маш их сандарч босох учраас буцаад унтана гэдэг юу л бол...

Утасныхаа дуудлагын аяыг сэрүүлгийнхээ ая дээр тавь: Танд дуудлага ирж байна гэж бодоод л босох болно. Энэ бол шалгарсан арга шүү.

4. ОЛОН ХҮНД ЗАРЛАХ

Ихэнх хүмүүс хэлсэндээ хүрэхийг хичээдэг. Хэрвээ та олон хүнд “би эрт босох гэж байгаа” гэж итгүүлбэл түүнийгээ үнэн болгож, худлаа хэлээгүй гэдгээ батлахын тулд эрт босох болно.

Үүнийг хэрэгжүүлэхдээ та ямар нэг байдлаар сошиал ертөнцөд эрт босно гэдгээ хүмүүст мэдэгдүүлэх ёстой. Жишээ нь: Стори хийх, пост бичих, зураг оруулж тайлбар хэсэгт нь “Маргааш эрт 5 цагт босно, надтай хамт өглөөний хүн болмоор байна уу” гэх мэтээр нөлөөлөл үүсгэж болно. Хэрвээ та хүмүүсийн итгэлийг алдах дургүй хүн бол шууд л босчихно.

5. 10 МИНУТЫН ДҮРЭМ

Мэдээж шууд 5 цагт босно гээд л эхний оролдлогоороо босож дийлэхгүй байх. Эхний өдрөө босож чадсан ч дараагийн өдөр хэцүүхэн шүү дээ. Тэгвэл танд 10 минутын дүрмийг санал болгоё. Аливаа зүйлийг амархнаас нь эхлэн алхам алхмаар хүндрүүлэх нь хамгийн зөв. Эхний өдөр 06:30 цагт боссон бол маргааш нь 10 минутаар урагшлуулаад 06:20 цагт босно, дараагийн өдөр нь мөн адил 10 мин урагшлуулаад 06:10 цагт гэх мэтээр урагшлуулсаар өөрийн хүссэн цагтаа босож чаддаг болтлоо энэ дүрмээр ажиллаарай.

Амьдралын хэвшил буюу дадал зуршил 21 хоног давтамжтайгаар үйлдэгдсэний дараа бий болдог. Та 21 хоног эрт босчихвол 22 дахь хоног дээрээ хүсээгүй байсан ч эрт босох болно. Эрт босохыг амьдралынхаа хэвшил болгоё гэвэл танд 21 хоног л хэрэгтэй гэсэн үг. Гол нь өдөр болгон давтамжтайгаар сэрэх юм шүү

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.104)