Калифорнийн эрэг дээр олон мянган “шодой загас” гарч иржээ

АНУ-ын Калифорни мужийн далайн эрэг дээр хэдэн мянган “шодой загас” далайн түрлэгээр угаагдан гарч иржээ. Номхон далайд дэгддэг Эль Нино шуурга тэднийг ичээнээс нь үе үе гаргадаг бөгөөд 2010, 2016 онуудад ингэж ил гарч байсан гэнэ.

Нэг төрлийн далайн өт гэгддэг 20 гаруй см урттай энэ амьтныг шинжлэх ухаанд “Urechis caupo” гэж нэрлэдэг ч хүмүүс харагдах байдлаар нь “Penis fish” буюу “шодой загас” хэмээн нэрлэдэг байна.

Байгалийн энэ хачин сонин үзэгдлийг харсан хүмүүсийн ярьснаар Калифорнийн хойд эрэг дагуу гурван км урт газар энэ амьтан олон мянгаараа ил гарсан байжээ. Тэдний ихэнх нь үхсэн байсан бөгөөд цахлай шувуу ихээр цугларч хооллож байсан гэнэ.

Орегоноос эхлээд Калифорни хүртэл Номхон далай эрэг дагуу амьдардаг уг амьтан эрэг хавийн элсний 60 см орчим гүнд нүхлэн амьдардаг бөгөөд цахлай, зарим загасны хоол болдог байна. Мөн Азийн Хятад, Өмнөд Солонгос зэрэг орны хүмүүс хүнсэндээ хэрэглэх нь ч элбэг байдаг аж. Солонгосчууд энэ амьтныг “гэбул” гэж нэрлэдэг бөгөөд сүмсэнд дүрээд түүхийгээр нь иддэг байна. Гэбулыг идэж үзсэн хүмүүс чихэрлэг, удаан зажлагддаг  гэж тодорхойлсон бол “шодой загас”-ыг  барьж үзсэн хүмүүс усаар дүүргэсэн уут шиг санагдсан хэмээн ярьдаг байна.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.14)