Б.Баярын "Монголын сая өдрүүд" хадны зургийн үзэсгэлэн ЮНEСКО-гийн төв байранд нээгджээ
Францын нийслэл Парис хотын ЮНEСКО-гийн төв байранд Монгол Улсын иргэн Бадарчийн Баяр "Монголын сая өдрүүд" хадны зургийн үзэсгэлэнгээ саяхан нээсэн билээ.
Уг үзэсгэлэнд Дундговь (Дэл уул), Өмнөговь, Архангай, Хэнтий, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймагт өөрийнх нь авсан шилдэг гэрэл зургууд багтжээ.
Харин шинжлэх ухааны тайлбарыг доктор Я.Цэрэндагва нэгтгэсэн байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Б.Баяр “Агуу их Пабло Пикассо Испанийн Алтамирын агуй доторх нэн эртний хадны зургуудийг хараад "Бид өмнөх үеэсээ хоцорчихжээ" гэж нэгэнт дуу алдарч байсан гэдэг. Өөрөөр хэлбэл эртний хадан дээрх урлал нь зүүд зөн билэг, сэтгэгдэл, мөрөөдөл, төсөөллийг агуулсан аугаа том ертөнц цаг үe байсан нь алдарт зураачийн сэтгэлийг хөдөлгөжээ. Тэгвэл нэг талаас урлагийн бүтээл, нөгөө талаас тухайн үеийн ахуй, зан үйл, шүтлэг бишрэлийг илтгэх түүхийн хосгүй баримт болох эртний урлаачдын хадны зургууд Монголын зах хязгаараас мянга мянгаараа олддог. Одоогоос 20000 жилийн өмнөх овог аймаг, өмчийг илтгэх тамга тэмдэг өнөөдрийг хүртэл монгол морины ташаанд тамгалагдаж, амьдрал ахуйд нь ашиглагдаж, 5000 жилийн өмнөх хадны зурган дахь өмсгөл зүүсгэл өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байдаг гайхалтай мэдээллийг хадны зураг агуулж байдаг. Мөн 5000 орчим жилийг өмнө Монголын тал нутагт байсан оршуулгын соёлтой яг ижилхэн дүрслэл зан үйлтэй байгууламж Франц, Швeйцарийн нутагаас өнөөдрийг хүртэл олдсоор байгаа нь гайхамшигтй. Энэ утгаараа эртний "уран бүтээлчид" бол зөвхөн Монголынх бус нийт хүн төрөлхтний үүх түүх соёлын их өв юм. Тэдэнд гүнээ хүндэтгэн мөргөмүй” гэжээ.
Ийнхүү түүний үзэсгэлэнгээр аялъя.
1. Гурван морь хөллөсөн сүйх тэрэг хөлөглөн, хоёр морьтноор хамгаалуулан яваа угсаат язгууртны зураг.Мөн төрөл бүрийн ан амьтадын уранаар дүрсэлжээ.
Ховд аймаг, Үенч сум, Ямаан ус
Он цаг: Хүннүгийн үе. НТӨ III-НТ II-р зуун.
2. Хос морин тэрэгт дайчны хоёр дүрслэлтэй нэг хаданд нуруу ачаатай гурван үхэр, сүрэг янгирыг хамт сийлжээ.
Он цаг: НТӨ 1800-1500 жил.
3. “Мөөгөн малгай” өмссөн, гөрмөл гэзэгтэй, саадаг зүүсэн, нумт хоёр анчин янгир авлаж байгаа энэ дүрслэл Монголын хадны зурганд нилээд бий.
Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум, Далан Түргэний хос толгой
Он цаг: НТӨ 1800-1500 жил.
4.Янгирын их ав. Онцлог нь олон янгирыг хураангуйлан зуржээ.
Он цаг: НТӨ 1200-800 жил
5. Морьтон. Морийг тун урнаар, гайхалтай сийлжээ. Морины дэлийг гурваар багцалж боосон байх ба согсоо тод мэдэгдэнэ. Хөлийг харьцангуй урт харуулсан онцлогтой. Чагтан хаваастай тохом тохож, сүлжмэл гэзгээ намируулан давхиж яваагаар морьтныг дүрсэлжээ.
Он цаг: НТӨ 800-400 жил
6. Хоорондоо харвалцан буй дайчид. Төв хэсэгт гол хоёр сөргөлдөгч этгээдүүд өөд өөдөөсөө нумаа татан харвалцахад бэлэн зогсоно. Тэр хоёрыг тойрон нум сум агссан 2, зэр зэвсэггүй 8 хүн, хоёр нохой хүрээлэн зогсжээ. Хадны зүүн дээд буланд хосмолжин үхрийн зураг байх ба хоёулангийн урд хөлийн туурайг гурав салаалуулан онцолсон онцлогтой.
Он цаг: НТӨ 2000-1600 жил.
7. Хэнгэрэг дэлдэн, хоёр манжлагат далбаагаа барин, жад агссан морьт дайчныг бараа бологч нт хөтлөн яваагаар харуулсан зураг.
Он цаг: НТӨ YIII-IY зуун.
8. Янгир хөөн агнаж буй нохой дагуулсан цанатай, харваач.
Он цаг: НТӨ 1800-1500 жил.
9. Бухын эврэн толгойн өмсгөлтэй, хэлхэгэр хувцастай хүн, бүжиг хийж буй аятай хоёр хүн, гахай, сэтэртэй онгин тамга бүхий зураг.
Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум, Цагаан асга
Он цаг: НТӨ 2600-1700 жил.
10. Олон тооны янгир агнан буй нум сумт анчин, морь зайдлан хүрэл зээтүү гартаа эргүүлэн зогсоо дайнч эр, том ирвэс зэрэг содон дүрслэл бүхий зураг.
Он цаг: НТӨ 1200-800 жил
11. Олон тооны амьтдад, морьтоны дүрслэл бүхий зураг. Хамгийн гайхалтай нь хоёр үхрийн биеийн дотор талд буга, янгирыг цолборлон, маш урнаар гаргасанд оршдог. Энэ хадны зургаас дүрслэх урлагийн төрөл зүй ямар өндөр түвшинд хүрсэн байсныг мэдэж болно.
Он цаг: НТӨ 1200-800 жил.
12. Хоёр бөхтэй тэмээний хүзүүний хөдөлгөөнийг төрсөн сэтгэгдлээрээ зурсан зураг.
Он цаг: НТӨ 1500-1200
13. Ээж магадгүй эгчээ оршуулж буй зан үйлийн сэдэвт зураг. Магадгүй энэ хөтөлсөн хоёр адуу нь хойлгын зориулалттай ч байж болох юм.
Он цаг: НТӨ 1500-1200
14. Он цаг: НТӨ 1200-800 жил