Шарлиз Терон: Архичин хүнтэй амьдрах ямар ч ирээдүй байдаггүй

Холливудын од, Оскарын эзэн Шарлиз Терон 28 жилийн тэртээ түүний амьдралд тохиосон гэр бүлийн эмгэнэлт хэргийн талаар анх удаа хэвлэлд ярьжээ. 

Шарлиз Терон ердөө 15 настай байхад архичин эцэг нь гэртээ согтуу ирж, охин, эхнэр хоёроо хөнөөнө гэж сүрдүүлэн, Терон ээжтэйгээ нуугдаж байсан өрөөний хаалга руу гурвантаа буудсан байна. 

"Буудсан сумнуудаас нэг нь ч оноогүйг гайхамшиг л гэх байх. Ээж өөрсдийгөө хамгаалахын тулд буу аван түүнийг буудаж, хөнөөсөн" хэмээн Терон NPR телевизэд ярьжээ. 

Түүний өгүүлснээр эцэг Чарльз нь маш их уудаг, сэтгэцийн өвчинтэй байсан гэнэ. Тиймдээ ч архичин эцэг эхтэй амьдрал ямар ч найдваргүй хэмээн Терон ярьжээ.

Олон жилийн өмнөх тэр аймшигт шөнө эцэг нь хэт согтуу, хөл дээрээ тогтож ядаж байсан бөгөөд гэртээ буу барин орж иржээ.

"Ээж бид хоёр миний өрөөнд байсан, тэр өрөө рүү орохыг хичээж, харин бид хаалгаа аль байдгаараа л дарж байлаа. Тэр хойшоо ухраад, хаалга руу гурван удаа буудсан. Гайхамшиг тохиож түүний нэг ч сум биднийг оноогүй. Харин ээж эргүүлэн буудаж энэ бүхэнд цэг тавьсан юм" хэмээн Терон ярьжээ.

Цагдаагийнхан Шарлизын ээж Гердаг буруутгаагүй, аргагүй хамгаалалт хийн буудсан гэж үзсэн байна.

"Би энэ талаар одоо ярихаас ичихгүй байна. Бид хүчирхийллийн асуудлаар байнга ярьж байх ёстой гэж би боддог" хэмээн Терон өгүүлжээ.

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: Shuud.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.95)