Н.Энхбаяр: Сонгуулийн хуульд надад зориулсан заалт оруулах гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан  МАХН-ын дарга Н.Энхбаяр  Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  Ажлын хэсгийн ахлагч  Д.Тогтохсүрэн нартай уулзсан юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.

-Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын  хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулахаар ярьж байна. Энэ заалт  батлагдвал та 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй. Улстөрч хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна?

-Манай намын гишүүн Ц.Оюунбаатар Сонгуулийн хуулийн ажлын хэсэгтэй уулзсан. Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү  албан тушаалын болон авлигын асуудлаар сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа гаргасан юм билээ. Тухайн хүн авлигын хэрэгт холбогдсон байсан ч, хэлмэгдсэн байсан ч тухайн хүний эрхийг зөрчиж болохгүй. Гэтэл байнгын хороон дээр О.Баасанхүү гишүүн оруулж дэмжүүлсэн юм байна. Энэ бол надад буюу  Н.Энхбаяр гэдэг ганц хүнд  зориулсан заалт.  Гэтэл тэр нь давхар өөр бусад хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг боомилж байна. Намайг хохироох гээд бусдыг давхар  яллаж болохгүй.  Одоо байтлаа Сонгуулийн хуултд заалт оруулан дахин  яллаж, нэр дэвших боломжийг  хаах гэж байна. Ингэж  болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч  хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь энэ асуудал яригдаж, Цэц дээр маргаан үүсч байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг.  Эндээс  хүнийг сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэдэг дүгнэлт гаргасан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн дарга бол ойлгож байна гэдгээ хэлсэн.  Сонгуулийн хуулиар өрсөлдөгчийнхөө эрхийг боомилж,  нэр дэвших эрхийг хязгаарлах заалт оруулж болохгүй гэж бодож байна.

-Гишүүд хэрхэн хүлээж авч байна, таны байр суурийг?

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан л бол УИХ-ын гишүүд дуртай ч,  дургүй ч  хүлээж авах ёстой. Энэ миний санал биш. Надтай холбоотой заалт учраас би энэ асуудлыг хэлж байна. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол хууль зөрчинө гэдгийг л хэллээ.Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй учраас УИХ-ын гишүүдийн санал бодол үүнд хамаагүй, хуулиа л дагах юм байна. Энэ заалт ороод батлагдлаа гэхэд Цэц дээр очоод уначих юм. Нэг хүний эсрэг зориулсан заалттай хууль баталж болохгүй.

-Танай нам О.Баасанхүүтэй дотооддоо учраа олж болдоггүй юм уу?

-Харамсалтай нь О.Баасанхүү улс төрийн захиалгатай ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ өнөөдөр энд хувь хүний асуудлыг яримааргүй байна. УИХ сонгогч, сонгогчдын эрхийг хангаж ажиллах ёстой. Олуулаа уралдаад ард түмнээрээ сонгуулах ёстой.  Ажлын хэсгээс энэ асуудлыг эргэж харж, шийдэхээс өөр аргагүй юм байна гэдгээ ч хэллээ. Сонгогчдод л боломж олгох хэрэгтэй. Энд Н.Энхбаяр, У.Хүрэлсүх байна уу хамаагүй, ард түмэндээ санал өгөх эрхийг нь эдлүүлж, мөн сонгогдох эрхийг нь олгох нь зөв гэдгийг л хэлж байгаа юм.

Ч.Олдох

Эх сурвалж: Polit.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)