Д.Эрдэнэбилэг нарын хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа явж байна

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байсан юм. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын23-ны өдөр яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч хилийн хориг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс хилийн хоригийг цуцалсан юм. Үүний дараа тэрбээр БНСУ руу хил гарч эрүүл мэндийн үйлчилгээ аваад эргэн монголд ирээд байгаа аж.

Ийнхүү арван сар гаруйн хугацаанд үргэлжилж буй мөрдөн байцаалт өнөөдрийг хүртэл дуусаагүй хэвээр байна. Зарим эх сурвалж мөрдөх ажиллагаа дуусах шатандаа ороод байгаа ч Д.Эрдэнэбилэг нар нь олон тооны өмгөөлөгчийн баг ажиллуулж, улс төрийн хүрээнд зарим тохироонд хүрсэн учир ийнхүү хэргийн мөрдөн байцаалт сунжирч байгаа тухай мэдээлж байна. Харин яллагдагч нарын тухайд одоогоор батлан даалтад сул чөлөөтэй яваа бөгөөд Д.Эрдэнэбилэг нэр бүхий банкны хувьцааг худалдан авахаар хэлцэл хийж байгаа тухай мэдээлэл бий.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.133)