Д.Баттогтох: Манай палеонтологи, археологи, түүхийн салбарууд дэлхийн хэмжээнд эрэмбэлэгдэж байгаа
Өчигдөр Монголын залуу эрдэмтэн, судлаачдын VI чуулган боллоо. Энэ чуулганд “Олон улсын шинжлэх ухааны чиг хандлага ба Монгол Улс” нэртэй гол илтгэлийг тавьсан Монголын Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтохтой ярилцлаа.
-Олон улсад нисдэг машин бүтээж, өөр гариг дээр очих тухай ярьж байхад Монголд шахмал түлш тойрсон хэмжээний л юм ярьж байна гэж шүүмжилдэг л дээ?
-Шинжлэх ухааны түвшинг харьцуулахдаа одооны нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжихөд хэд хэдэн гол хүчин зүйлүүд бий. Нэгдүгээрт, идеал санаа нь байх ёстой. Хоёрдугаарт, чадварлаг судлаачид байх ёстой. Гуравдугаарт, шинжлэх ухаан улс оронд хөгжихөд хамгийн чухал зүйл бол санхүүжилт. Өөрөөр хэлбэл, энэ судалгаа, шинжилгээг хийхэд асар их зардалтай, урт хугацаанд хийдэг учраас санхүүжилт чухал. Дөрөвдүгээрт, хандлага. Энэ дөрвөн хүчин зүйл дээр улс орнууд өөр өөрийн дэмжлэгүүдийг өгөөд явдаг. Мэдээж шинжлэх ухааны хөгжлийн түвшинд гурван судлагдахуун байна л даа. Суурь шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, технологи хөгжүүлэлт. Суурь шинжлэх ухаан нь байгалийн, юмс үзэгдлийн тайлал, онол талдаа хөгждөг. Энэ нь хэрэглээнд нэвтрэх эсэх нь хамаагүй. Хэрэглээний судалгаа нь жишээ нь утааны асуудал шийдэх, шахмал түлшний чанарыг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг хэрэглээний шинжлэх ухаанд чиглэгддэг. Технологи хөгжүүлэлт нь мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулахад чиглэгддэг. Шинжлэх ухаанд ийм гурван салбар судлагдахуун байна. Монгол Улсад суурь шинжлэх ухаан руу хандах хандлага байгаа юм. Манай улсын судалгаа шинжилгээний ихэнх хувь нь тэр судалгаа руу явдаг.
Миний хувьд, суурь шинжлэх ухааны түвшинд Монгол Улс тийм ч доогуур биш гэж үзнэ. Яагаад вэ гэвэл хүн амдаа харьцуулахад эрдэмтдийн гаргаж байгаа, шинжлэх ухаанаас гаргаж буй гол бүтээгдэхүүн бол өгүүлэл. Шинэ мэдлэг өгч байгаа өгүүллээ олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд хэвлүүлдэг. Хэвлүүлдэг тоог нь хүн амтайгаа харьцуулахад тийм ч бага тоо биш. Бидэнд дутагдаж байгаа нэг зүйл байгаа нь зах зээл, хэрэгцээнд байгаа асуудлыг шийдэх судалгааг манай улс хийхгүй байгаа. Тэр судалгаа руу шинжлэх ухааны судлаачид маань илүү их чиглэх ёстой болоод байна. Улс орнуудад суурь гэж яриад байгаа шинжлэх ухааныг судалж байгаа хүмүүсийн тоо багасаад хэрэглээний, технологи хөгжүүлэлтийн судалгаа руу түлхүү орж байна. Тэгэхээр бид менежмэнт хандлагын хувьд тэр талын судалгаа, хөгжүүлэлт рүү анхаарах хэрэгтэй болчихоод байна. Үүнээс болоод манай иргэдээс “Шинжлэх ухаан хөгжихгүй байна” гэсэн гомдол ирдэг.
-Манай эрдэмтэд “Бидэнд бололцоо нь байна. Санхүүжилт дэмжлэг алга” гэдэг үгийг олон жил хэлж байгаа шүү. Шинжлэх ухаандаа анхаарч, төсвийг нь нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурийг хүмүүс ярьдаг?
-Аливаа улсын шинжлэх хөгжихөд нэг чухал хүчин зүйл байдаг. Чадварлаг эрдэмтдээс гадна санхүүжилт чухал. Санхүүжилтийг дэлхийн улс орнуудтай харьцуулахад, гадны орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулж, үр дүн гаргаж аваад тэрийгээ үйлдвэрлэл, амьдралдаа хэрэглэж байгаа. Гэтэл манай улс 0.16 хувиа зарцуулдаг. Манай салбарын сайд ч хэлж байсан шүү дээ. “УАЗ 469 машин унуулчихаад Land 200 унасан юм шиг давхи гэж шахаад байх юм” гэсэн. Ийм үзэгдэл төдий мөнгөөр шүү. Биднийг “Феррари”-гийн чадварлаг жолооч, машинтай уралдуулахын тулд ядаж тиймэрхүү машин бэлдэж өгөх хэрэгтэй байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр лаборатори тоног төхөөрөмж, туршилтаа хийх бололцоо, дэд бүтцийн асуудал, санхүүжилтийн асуудал. Тэр бүх асуудлуудыг шийдчихвэл бид илүү өндөр түвшинд ажиллах бололцоотой.
Асуудлуудыг сайжруулахын төлөө шинжлэх ухааны салбар ажиллаж байгаа. Бидний харьцуулалт, өрсөлдөх чадвар хэрэглээ, технологи хөгжүүлэлтийн талын судалгаан дээрээ жаахан дутмаг байгаа байх. Харин суурь шинжлэх ухааны салбар дээр палеонтологи, археологи, түүхийн салбарууд маань дэлхийн хэмжээнд эрэмбэлэгдэж байгаа.
-Дэлхийн шинжлэх ухааны цаашдын чиг хандлага ямар байна вэ?
-Салбар болгон дээр өөр чиг хандлага байна. Байгалийн ухаан, нийгмийн ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг, бизнес, техник технологи гээд тэр бүгд дээр өөр өөр чиг хандлагатай явж байна. Харин бүгдийг нь базаад харах нэг зүйл бол шинжлэх ухааны менежмэнтийн чиг хандлага. Улс орнууд шинжлэх ухаанаа хэрхэн хөгжүүлж, авч явж байна вэ гэхээр салбар хоорондын судалгааг илүү хийдэг болоод байна. Тухайлбал, агаарын бохирдол гэдэг асуудал бол зөвхөн утааг багасгах, түлшийг сайжруулах асуудал биш. Иргэдийн орлогыг давхар сайжруулах, хандлагыг өөрчлөх, энэ нь хүрээлэн буй орчны асуудал боловч энэ нь эдийн засгийн асар том асуудал. Нийгмийн соёл, харилцааны том асуудлууд ч явж байгаа. Иргэд өөрсдөө ядаж гэрээ дулаалж, дулаан алдагдлаа багасгах хэрэгтэй шүү дээ. Тэр бол хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлага. Тэгэхээр нэг асуудлыг судлахдаа зөвхөн утааг сайн судалдаг хүн байх биш түүнтэй хамт тал бүрийн асуудлыг судалдаг хүмүүс орж ирж судалгаа хийх ёстой гэсэн ийм судалгааны чиг хандлага дэлхийд явж байна. Нийгмийн асуудал бол зөвхөн нийгмийн асуудал биш. Экологи, эдийн засгийн асуудал давхар орж ирдэг гэсэн хандлага руу явж байна, дэлхийн шинжлэх ухаан.
Энэ дижитал ертөнц, дижитал хувьсгал, даяаршиж байгаа ертөнцөд нэгдэж, хамтарч судалгаа хийх хандлагууд давамгайлж байна. Хоёрдугаарх хандлага нь нээлттэй инновацийн тогтолцоо. Нэг судлаач шинэ технологи, мэдлэг гаргавал түүнийгээ аль болох олон улсын түвшинд гаргах хэрэгтэй. Тэрийгээ сейфэндээ нуугаад байх шаардлагагүй. Оюуны өмчөө хамгаалуулаад дэлхийн бусад хэрэгцээтэй хүмүүст тухайн технологио зарах, арилжаалах, хамтарч судлах боломжуудаа эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бол нээлттэй инновацийн тогтолцоо. Хуучин аж үйлдвэрийн зуунд дэлхий нийтээр яадаг байсан бэ гэхээр, нэг технологи гаргаж аваад тэрийгээ хадгалж байгаад түүгээрээ тэсрэлт хийж, шинэ үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн гаргаж ашиг олдог байсан бол одоо гаргасан мэдлэгээ нээлттэйгээр тавиад тэнд байгаа Америкийн хөрөнгө оруулагчийг татаад, энд байгаа Японы үйлдвэрлэгчийг татаад, дээр нь өөрийн технологи, ижил төрлийн судалгаа хийдэг судлаачдаа сайжруулаад дэлхийн түвшинд бүтээгдэхүүн гаргах бололцоотой болсон. Тэрийг л нээлттэй иноваци гээд байгаа юм.
-Манайхан шинээр юм үйлдвэрлэж байна, шинэ бүтээгдэхүүн гаргалаа гэхээр л аль нэг орноос сэлбэг авчраад угсарчихаж байгаа харагддаг?
-Манай үндэсний брэндүүд гарч ирж байна. Угсарчихсан, Хятадын юм авчраад ингэж, тэгээд хийчихлээ, лого наачихлаа гээд байдаг. Тэрийг тэгж ойлгож болохгүй. Тэр чинь нээлттэй инновацийн зарчим байхгүй юу. Дэлхийн нийтэд тоон технологи, хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан руу нэвтрээд ороод ирчихсэн. Жишээ нь, сэтгүүлчид гар утас, дуу хураагуураа нэг өдөр гэртээ орхиод гараад ирлээ гэвэл ялангуяа энэ хурдтай ажилладаг хэвлэл мэдээллийн салбарын хүмүүст бол орчноосоо тасарчихсан юм шиг мэдрэмж төрөх байх. Цэнэг нь дуусчихаар хүмүүс яадаг билээ. Тэгэхээр энэ ухаалаг утас гэх мэт төхөөрөмжүүд чинь бол таны биеийн нэг хэсэг болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр ялгаа байхгүй шинжлэх ухаан ингэж орж ирж байна. Тэгэхээр бид тэрийг соргогоор мэдэрч цаашдаа хиймэл оюун ухаан, тоон технологи, дижитал хувьсгалын давуу талуудыг ашиглаж шинжлэх ухаанаа хөгжүүлэх нь чухал байна.
-Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач, эрдэмтэдтэй уулзахад өөрсдийгөө бага цалин авдаг гэдэг. Сардаа хэд орчим төгрөгийн цалин авдаг юм бэ?
-Эрдэмтэн, судлаачийн цалинг үе шаттайгаар нэмлээ. Одоо бол эрдмийн зэрэг дэвээсээ хамаарч 600-700 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ бол бүр бага цалин биш. Төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн цалингаас өндөр, төрийн захиргааны албан хаагчаас бага цалин. Хувийн хэвшлийн байгууллагуудын дундаж мэргэжлийн цалинтай тэнцэхүйц хэмжээний л цалин байгаа шүү дээ.
-Та ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Газарзүй, геоэкологийн чиглэлийн эрдэмтэн судлаачид ямар шинэ технологийг амьдралд нэвтрүүлээд байна вэ?
-Та бүхэнд хэрэглээний талын ганц хоёр судалгааны үр дүнгээс танилцуулъя. Тухайлбал, манай Газарзүй, геоэкологийн хүрээлэн дээр хоёр Старт-апп компанийг үүсгэсэн. Бид байгалийн шинжлэлийн судлагдахуун судалдаг ийм хүрээлэн учраас тэр болгон технологитой уялдаад шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээ нэвтрүүлэхэд хол. Гэхдээ манай тэр хоёр компанийн нэг нь загас үржүүлгийн компани. Нэг загас жилдээ 1000 орчим үр түрс шахдаг. Тэр түрснүүдээс байгаль дээр нэг нь амьдарч чадвал өндөр хувьдаа ордог. Гэтэл бид Туул голын эх дээр лаборатори байгуулаад тэндээ 70-80 хувийн технологи хөгжүүлэлт, туршилт хийсэн. Үүний үр дүнд тэр 1000 орчим түрсний 70-80 хувийг, 80-аас ч дээш хувийг нь амьдруулж чадаж байна. Тэгэхээр бизнесийн моделийн хувьд та бүхэн бодоод үзэхгүй юу. Нэг хувь байсныг 700-800 болж үржүүлэх бололцоотой тийм технологийг нутагшуулаад түүгээрээ дамжуулаад спорт загасчлал, загас үржүүлэг болон байгалийн загасны төрөл зүйлийг олшруулах, нөөцийг нэмэгдүүлэх ийм бололцоотой төсөл хэрэгжиж байгаа. Технологи, байгалийн хүчин зүйлийг ашиглаж загасны үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллавал гаднаас загас авах шаардлагагүй болох эсхүл спорт загаслалыг хөгжүүлэх бололцоотой болж байгаа юм.
-Нөгөө компани нь ямар төсөл эхлүүлсэн бэ?
-Шинжлэх ухааны аялал жуулчлал. Бид мөнх цас судалж, байгалийн тусгай хамгаалалттай газрууд гээд олон цэгт хээрийн ажил хийдэг. Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах чухал салбар бол шинжлэх ухааны аялал жуулчлал. Шинжлэх ухааны аялал жуулчлал гэсэн гарааны компанийг хөгжүүлж байгаа. Бид судалгаагаа хийнгээ гадаадын жуулчдыг авч яваад шинжлэх ухааны талаас нь тухайн үзэгдлийг тайлбарлаж өгнө. Тодруулбал, Монгол Улсын байгалийн онгон байдал, төрөл зүйлүүд, геологи газарзүйн тогтоцыг эрдэмтэд маань өөрсдөө тайлбарлаж өгөөд ажлаа хийнгээ мөнгө олох боломж. Энэ компани хөгжиж байгаа. Өнөө жил манай хүрээлэн олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 26 өгүүлэл хэвлүүлээд байна. Энэ бол өндөр тоо. Тэр болгон өгүүлэл хэвлэгдээд байдаггүй. Тэр бол бидний бүтээлийг дэлхийн түвшний бүтээл гэж үнэлсэн учраас тэдгээр сэтгүүлүүд манай өгүүллүүдийг нийтэлсэн.
-Залуу эрдэмтдийн маань амжилттай ажиллаж буй шинжлэх ухааны салбар гэвэл?
-Бүх л салбарт гайгүй ажиллаж байгаа. Хамгийн гол нь Монгол Улсыг цаашдаа, урт хугацаандаа авч явах салбар бол хөдөө аж ахуйн салбар байх бололцоотой гэж харж байгаа. Тийм учраас биологийн нөөц, хөдөө аж ахуйн нөөцүүдийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн, экологийн тэнцвэрт байдлыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл их чухал. Иймээс биологи, хөдөө аж ахуй, биотехнологи зэрэг хөдөө аж ахуйн чиглэлийн технологиудыг хөгжүүлэхэд нэлээд анхаарах шаардлагатай гэж бодож байгаа. Мөн анагаах ухааны салбар хөгжих бололцоотой. Тайланд, Солонгос улс Азийн орнуудын очиж эмчлүүлдэг гол газар болчихоод байна шүү дээ. Тэгэхээр чадвартай залуучуудаа түшиглээд анагаах ухааны шинжлэх ухаанаа хөгжүүлэх бололцоотой.
Д.Гансаруул
Эх сурвалж: "Өдрийн сонин"