“Боинг” корпораци Гүйцэтгэх захирлаа халжээ
АНУ-ын “Боинг” корпораци гүйцэтгэх захирал Дэннис Мюленбергийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь ТУЗ-ийн дарга Дэвид Кэлхуныг томилжээ. Индонез, Этиопт болсон хоёр том ослын дараа тус корпораци хүнд байдал ороод байгаа бөгөөд "737 Мах" загварын онгоц нисгэхийг хориглоод байгаа билээ.
Дэвид Кэлхун 2020 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ ажлаа хүлээж авах бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хэвээр үлдэх юм. Харин Мюленберг Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөхөөс гадна ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс ч гарч байгаа аж. Энэ хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг санхүүгийн захирал Грег Смит гүйцэтгэх юм.
Энэ сарын 16-нд тус корпораци 2020 оны нэгдүгээр сараас эхлэн "Боинг 737" Мах загварын онгоцны үйлдвэрлэлээ зогсоох тухай зарласан. Өнгөрсөн аравдугаар сард тус корпорац энэ загварын онгоцны нислэгийг оны эцсээр сэргээх тухай мэдэгдэж байсан ч энэ сард АНУ-ын иргэний агаарын тээврийн холбооны газар зөвшөөрөл олгоогүй.
Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезийн “Lion Air” иргэний агаарын тээврийн компанийн "737 Мах" загварын онгоц осолдсоны улмаас 189 хүн амиа алдсан бол энэ оны гуравдугаар сард Этиопын “Ethiopian Airlines” компанийн эзэмшлийн мөн л загварын онгоц осолдож, 157 хүн амиа алдсан билээ. Хоёр дахь ослын дараа дэлхий даяар "Боинг 737" загварын онгоцны нислэгийг зогсоосон юм. Үүнтэй зэрэгцэн тус корпорацын нэр хүндийг сэвтүүлсэн явдал саяхан гарсан. “Боинг” компанийн үйлдвэрлэсэн “Starliner” сансрын хөлөг техникийн шалтгаанаар Олон улсын сансрын станцад хүрч чадалгүй газардсан юм.
Мюленберг 1985 оноос хойш тус компанид ажиллажээ. Тэрбээр сансар, батлан хамгаалах, аюулгүй байдлын газрыг тэргүүлж байгаад 2015 онд Гүйцэтгэх захирлаар томилогдон, 2016 онд ТУЗ-ийн дарга болж байв. Энэ оны аравдугаар сард түүнийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн юм.
Эx сурвaлж: Zindaa.mn