346 хүний амийг хохироосон буруутан
АНУ-ын “Boeing” компани нисэх онгоцны “737 Max” загвараараа илүү мөнгө олж, өрсөлдөгч “Airbus” компанийг давах зорилгоор үйлдвэрлэжээ. Гэвч тус загварын нисэх онгоцны дараалсан хоёр ослын улмаас олон зуун хүн амь үрэгдэж, олон тэрбум ам.долларын алдагдалд оруулж, АНУ-ын иргэний нисэхийн удирдлагуудыг хилэгнүүлэв. Улмаар “Boeing” компанийн удирдах зөвлөлөөс энэ долоо хоногт гүйцэтгэх захирал Дэннис Муйленбэргийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Түүний оронд 2009 оноос хойш компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан, одоогийн захирал Дэвид Калхоуныг гүйцэтгэх захирлаар нэрлэжээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 13-нд албан тушаалаа албан ёсоор хүлээн авах аж.
“Дэннис Муйленбэргийн амбиц”
Дэннис Муйленбэрг нь 2015 онд “Boeing” компанийн гүйцэтгэх захирал болж, 1960-аад онд анх загварыг нь гаргасан “737” нисэх онгоцыг шинэчлэн сайжруулахаар шийдвэрлэжээ. Ингээд “Boeing” компани “737 Max” загварыг үйлдвэрлэж, олон тооны захиалга аваад байтал өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Индонезид осол гарсан юм. Тухайн үед Дэннис Муйленбэрг ослын шалтгааныг 737 Max” нисэх онгоцноос холдуулж, нисгэгчийг буруутган аюулгүй ажиллагааны журмыг дагаж мөрдөхийг сануулаад өнгөрчээ. Гэтэл зургаан сар хүрэхгүй хугацааны дараа энэ оны гуравдугаар сард дахин нэг “737 Max” нисэх онгоц осолдсоноор олон улсын анхаарал “Boeing” компанийг чиглэсэн юм. Тус хоёр онгоцны ослоор нийтдээ 346 хүн амь үрэгдсэн юм.
“Хэрхэн илүү мөнгө олоход л анхаарсан”
“Boeing” компани нь өмнөх түлш бага зарцуулдаг “787 Dreamliner”, өргөн их биетэй “747-8 Intercontinental” гэх хоёр загварын нисэх онгоцыг товлосон хугацаанаас хожуу бас илүү зардлаар бүтээсэн аж. Үүний зэрэгцээ өрсөлдөгч “Airbus” компани нь “Boeing” компанийн хэрэглэгчдийн итгэлийг илүүтэй олох болсонд Дэннис Муйленбэрг тэвджээ. Ийнхүү тэрбээр өрсөлдөөнд ялалт байгуулж, зардал хэмнэхийн тулд хуучин “737” нисэх онгоцны загварыг шинэ хөдөлгүүртэйгээр “737 Max” гэж нэрлэн гаргасан аж. Компанийн санхүүгийн албаны даргын мэдээлснээр “737” загварыг шинэчлэн сайжруулснаар шинээр нисэх онгоцны загвар бүтээх зардлын ердөө 10-15 хувийг зарцуулжээ.
“Boeing 737” нисэх онгоцны загварыг анх 1967 онд гаргасан. Харин тус загварыг шинэчлэн сайжруулахдаа илүү хүчтэй хөдөлгүүр, илүү том их биетэй болгож өөрчилсөн байна. Инженерүүд илүү том хөдөлгүүрүүдийг анхны загвартай харьцуулахад өөр газар байршуулснаар нисэх онгоцны хүндийн төв өөрчлөгджээ. Үүнийг зохицуулахын тулд хараахан олонд танигдаагүй "MCAS" /Maneuvering Characteristics Augmentation System/ буюу “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем” гэгчийг суурилуулсан аж. Тус систем нь хоёр нисэх онгоцны осолд буруутгагдаж байна. Өмнө нь 2016 онд нисэх онгоцны техникийн нисгэгч тус системийн доголдолтой ажиллагааг мэдэгдэж байжээ. Тухайн үед компанийн зүгээс тус системийг гар ажиллагаагаар удирдахтай холбон тайлбарлаж, Холбооны нислэгийн удирдах төвөөс амжилттай гэрчилгээ авснаараа бардамнасан аж.
“Boeing өрсөлдөөнд ялагдаж байна”
Одоогоор “737 Max” нисэх онгоцны үйлдвэрлэлийг зогсоосон. АНУ-ын албаныхан “Boeing” компани ослыг хэрхэн зохицуулсныг мөн нисэх онгоцны загварыг судлан шалгаж байна. Энэ нөхцөл байдалд компани багадаа 9,2 тэрбум ам.долларын алдагдалд орж, хэрэглэгчдээ алдаж байна. Нөгөө талд өрсөлдөгч “Airbus” компани өнгөрсөн аравдугаар сард түүхэндээ анх удаа “A320” нисэх онгоцны 737 захиалга хүлээн авчээ. Гэтэл “737 Max” загвараас гадна “Boeing” компанийн “KC-46” агаарт шатахуун цэнэглэх танкер нь камерын доголдлоос болоод үйлдвэрлэлт нь хойшлогджээ. Мөн ирэх онд АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA)-гийн сансрын нисэгчдийг тээвэрлэх “Starliner” капсул нь өнгөрсөн Баасан гаригт анхны туршилтын нислэгт орж чадаагүй байна. Энэ бүхнээс болж “Boeing” компани хэрэглэгчдийн итгэл найдварыг маш их алдсан гэж ажиглагчид дүгнэжээ.
Б Анхтуяа
Эx сурвaлж: News.mn