“Болор цом-37” наадмын бүртгэл өнөөдөр хаагдана

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл энэ сарын 4-нд эхэлсэн бол өнөөдөр сүүлчийн өдөр нь аж.

37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авч байна.

Түүнчлэн бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.

Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга Янжинлхам бурхны ивээлд багтсан бол энэ удаа Багануур дүүрэгт ирэх оны нэгдүгээр сарын 4-нд болохоор тогтсон юм. Харин өмнөх өдөр нь уран үгсийн чуулган уламжлал ёсоор болно.

2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох ийнхүү өөрийн нутагтаа буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)