Турк Ливид цэрэг илгээхээр төлөвлөж байна

Триполли хотод төвлөрч байгаа Ливийн түр Засгийн газрыг хамгаалахаар цэрэг илгээх төлөвлөгөөтэй байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдэгдсэн байна. Ингэхдээ тэрбээр “Ливийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрыг дэмжиж, цэргийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлтийг нь бид зөвшөөрнө. Мөн энэ талаар тусгасан хуулийн төслийг ирэх нэгдүгээр сарын эхэнд парламентад барина” гэсэн байна.

Туркийн хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ливийн дотоодын мөргөлдөөнөөс хойш тус улсын Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг дэмжиж, зэвсгийн тусламж үзүүлдэг гэгдэх болсон. Энэ хүрээндээ Анкара өнгөрөгч 11 дүгээр сард Ливийн Засгийн газартай цэргийн хамтын ажиллагаа аюулгүй байдлын асуудлаар, мөн Газар дундын тэнгисийн зүүн эргийн далайн хилийн талаар хоёр гэрээ байгуулсан.

Харин Ливийн тухайд 2011 онд Муаммар Каддафийн захиргаадалтын Засгийн газар нурснаас хойш хоёр хэсэг хуваагдаад байгаа. Түр буюу Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нь Ливийн Триполли хот болон баруун бүс нутгийг захирч байгаа бол, цэргийн дээд цолтон Халифа Хавтар зүүн бүсэд мэдлээ тогтоогоод байгаа юм.

Турк Триполлид цэргийн тусламж үзүүлбэл Халифа Хавтарын талыг дэмжиж буй бүс нутгийн бусад орнууд мөн дэмжлэгээ өсгөж, цаашид мөргөлдөөнийг хурацтгах магадлалтай гэж ажиглагчид болгоомжилж байна. Эрдоган лхагва гарагт Ливийн асуудлаар Тунист гэнэтийн айлчлал хийсэн бол, пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанаас “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте нар Ливийн нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэх ёстой гэж санал нэгдсэн” гэж мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.105)