Брюс Лигийн охин Хятадын алдарт түргэн хоолны сүлжээг шүүхэд өгчээ

Кун-фугийн мастер, жүжигчин Брюс Лигийн охин БНХАУ дахь ихээхэн алдартай, Real Kungfu түргэн хоолны сүлжээ рестораныг эцгийнх нь дүрийг хууль бусаар ашигласан хэмээн шүүхэд өгчээ. 

Сүлжээ рестораныг эзэмшдэг Guangzhou Real Kungfu Catering Management Co компаниас Брюс Лигийн охин Шэннон Ли 210 сая юанийн /30 гаруй сая доллар/ хохирол, мөн нэхэмжлэл гаргахад шаардагдсан зардал болох 88 мянган юань /12,6 мянган доллар/ -ийг нэхэмжилж байгаа аж. 

Синхуа агентлагийн мэдээлснээр Шанхайн шүүх энэ сарын эхээр Шэннон Лигийн Guangzhou Real Kungfu Catering  болон өөр хоёр компанитай холбогдох Брюс Лигийн дүр төрхийг хууль бусаар ашигласан тухай нэхэмжлэлийг хүлээн авсан байна. 

Real Кungfu -ийн 15 жилийн өмнөх логон дээр Брюс Литэй тун адилхан, хар үстэй, шар өнгийн спорт хувцас өмссөн эр кунфугийн мастерын позтойгоор дүрслэгдсэн байдаг аж. Харин сүүл үеийн логон дээр ижил төстэй байдал ажиглагддаггүй гэнэ.

Real Kungfu сүлжээ ресторан 1990 онд байгуулагдсан, Гуанжоуд төв нь байрладаг. Өнөөгийн байдлаар Хятад даяар 600 гаруй салбартай аж. 

Дашрамд дуулгахад, Брюс Лигийн охин Шэннон 2010 оноос эхлэн аавынх нь дүр төрхийг АНУ болон бусад орнуудад ашиглахтай холбоотой бүхий л эрхийг өөр дээрээ авахыг эрмэлзэж байгаа юм. Тухайлбал, түүнээс зөвшөөрөл аван, нэг дүр нь Брюс Ли болох "Ip Man-4" киног бүтээж байв.

Г.Бямбасүрэн

Эx сурвaлж: Shuud.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.183)