Гэнэтийн аюулаас та өөрийгөө хамгаалж чадах уу?
Бидний амьдралд юу ч тохиолдож болно. Тань руу хэн нэгэн халдахад та боксчин биш, усанд живэхэд усанд сэлэлтийн тамирчин биш, шатаж буй байранд байхад гал сөнөөгч биш байсан ч танд туслах энгийн зөвлөгөөг бид хүргэж байна.
1. ХАЛДЛАГАД ӨРТВӨЛ...
- Олон нийтийн газраар ганцаараа явахдаа чихэвчээр дуу сонсох, утсаараа тоглох, бусадтай чатлах зэргээс зайлсхийж сонор сэрэмжтэй яваарай.
- Харин ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн тохиолдолд тухайн этгээд хутга, бороохой зэрэг зэвсэгтэй байвал хамаг хурдаараа зугтаарай. Мөн чадах чинээгээрээ тусламж эрэн хашхирах хэрэгтэй. Зөвхөн буу, хутга тулгах зэрэг зайлшгүй тохиолдолд л хүлцэнгүй байхыг зөвлөж байна.
- Мөн зугтах боломжгүй байвал тухайн этгээдийн нүд, хоолой, элэг зэрэг зөөлөн цэгүүд рүү нь дайраарай. Мааж. Хаз. Үснээс нь зулгаасан ч болно. Хамар руу нь цохих нь хамгийн үр дүнтэй арга. Учир нь хамартаа цохиулсан хүний нүд бүрэлзэж маш их хэмжээгээр өвдөх тул тантай зууралдах хүч нь суларна гэсэн үг. Мөн хөл, шагай руу нь өшиглөснөөр тухайн этгээд таны араас гүйх боломжгүй болно.
2. ХҮЧТЭЙ УРСГАЛД ӨРТВӨЛ...
- Аль болох эргэн тойронд тань аврагчтай байршилд сэлэхийг бодоорой. Ямар нэгэн аюул тулгарвал ядаж л аврах хүнтэй шүү дээ.
- Та нэгэнт голын ширүүн урсгалд өртсөн бол аль болох сандрахгүйг хичээгээрэй. Мөн хүчтэй урсгалын эсрэг сэлэх гэж хичээгээд хэрэггүй. Живэх гээд байвал толгойгоо дээш өргөн амьсгаа авч, дээшээ харж хөвөөд урсгалын дагуу яваарай.
- Ихэнх хүмүүс живэх үедээ нисэх гэж байгаа юм шиг биеэ уснаас гаргах гээд их хичээдэг. Энэ нь хамаг энергиэ дэмий үрж байна гэсэн үг. Та амьсгалахын тулд толгойгоо л уснаас гаргасан байхад л болно.
3. ХҮЙТЭН УСАНД ЖИВЭХ ГЭЖ БАЙВАЛ...
- Онгоцны эсвэл завины ослын улмаас энэхүү нөхцөл байдалд орж болно.
- Хүний биеийн дулаан толгой хэсгээс хурдан алдагддаг тул толгойгоо хуурай байлгахыг бодоорой.
- Эрэг хүртэл сэлэх боломжгүй бол H.E.L.P буюу дулаанаа аль болох бага алдах байрлалд ороорой. Өөрөөр хэлбэл гар хөлөө гэдсэндээ наах хэрэгтэй гэсэн үг.
- Хэрэв та ганцаараа биш бол бөөнөөрөө цугларч дулаанаа хадгалах нь хамгийн зөв сонголт байх болно. Харин уснаас гарч чадвал нойтон хувцсаа яаралтай тайлж, хуурай хувцас өмсөөрэй.
4. ШАТАЖ БУЙ БАЙШИНД БАЙВАЛ...
- Юун түрүүнд гарах гарцыг хай. Томоохон үйлдвэр, барилга байгууламжууд ихэвчлэн аврах гарцтай байдаг. Харин гэрт, байранд байгаа бол боломжтой бүх гарцыг бодож, төлөвлөгөө боловсруулаарай.
- Хэрэв агаар утаагаар дүүрсэн бол доош хэвтэн гарах гарц хүртэл мөлхөөрэй.
- Хаалганы бариул, эргэн тойрноос юу юугүй барьж аван гараа түлэх эрсдэлтэй учир хэт халуун байгаа эсэхийг нь эхлээд шалгаарай.
- Гал командад дуудлага өгөх боломжгүй бол цонхоор тусламж эрээрэй.
5. ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТВӨЛ...
- Ширээн дор орох нь газар хөдлөлтийн үед авах хамгийн зөв арга хэмжээ. Хэрэв газар хөдлөлт болох үед та унтаж байсан бол толгойгоо дэрээр хамгаалж, газар хөдлөлт зогсох хүртэл хэвтээрэй.
- Цонх хагарч, тавилгууд бие дээр чинь унах эрсдэлтэй тул аюул учруулж болох бүхий л зүйлсээс зайлсхий.
- Орон сууц, олон давхар барилгаас гарахдаа цахилгаан шатанд гацах магадлалтай тул шатаар буугаарай.
- Харин гадаа байгаа бол барилга, мод, цахилгааны утаснаас аль болох хол очиж доош хэвтээрэй.
6. ОЙД ТӨӨРВӨЛ...
- Та юун түрүүнд тайван байж, эргэн тойрноо ажиглаж, боломжтой гарцыг хайж, төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.
- Аль болох өндөрлөг газарт гарч эргэн тойрны орчноо ажиглахыг хичээ. Зам, жим, сүм, хүн амьтан байгаа эсэхийг сайн ажиглаарай.
- Хүмүүс гол ус бараадаж амьдардаг тул гол устай газар хайж оч.
- Харин гэгээ тасарч, шөнө болж байвал өглөө болтол нэг газраа л байсан нь дээр. Гол ус нь зэрлэг амьтдыг ч мөн татдаг тул шөнөдөө гол уснаас хол хоноглосон нь дээр.