Оны онцлох хүүхэд: Хүүхэд гэж өөрийгөө басч болохгүй
Айлын том охин аав, ээждээ тусалж, дүү нараа асарна. Тэргээр ус зөөж, галаа түлж, гэрээ цэвэрлэнэ. Хажуугаар нь хичээл, номдоо шамдаж, үеийн найз нартаа үлгэр дууриалал үзүүлнэ. Сум орон нутагтаа сургуулийнхаа нэрийг гаргаж, багш нарыгаа баярлуулна. Бас дээр нь “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч, олон түмнийхээ бахархал болно. Ийм л эгэл амьдралаас эх орны ирээдүйн эзэд төрөн гарч байна. Тэдний нэг бол Увс аймгийн Улаангом сумын ЕБС-ийн тавдугаар сургуулийн 12-р ангийн сурагч Шадархүүгийн Ариунзаяа. Аймгийнхаа 30 мянга гаруй хүүхдийн манлайлал болж, энэ жил “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ. Түүнтэй уулзаж, ярилцлаа.
-Сайн байна уу, юуны өмнө баяр хүргэе! Шилдэг сурагчаар шалгарсан тухай мэдээг анх сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Итгэж чадахгүй л байлаа. Анх энэ мэдээг сургууль дээрээ сонссон. Хичээлтэй байхад нэг дугаараас олон дуудлага ирсэн байв. Тэгээд эргээд залгахад шилдэгээр шалгарсан тухай мэдээ дуулгасан. Үүнийг сонсоод би тэр дороо л орилоод, үсэрсэн. Ангийнхан маань хүртэл өөрсдөө шагнуулж байгаа юм шиг баярлаж байв. Аав, ээждээ дуулгах гэж их яарсан шүү.
-Увсаас хэзээ ирэв, урьд нь хотод ирж байв уу?
-Өмнө нь би хотод ирж байсан. Гэхдээ дандаа зуны улиралд ирдэг байжээ. Өвөл анх удаа л ирж байна. Увсаас дулаахан юм байна. Автобусаар хоёр өдөр, нэг шөнө явж ирсэн. Яагаад ч юм зам их урт санагдсан. Замаасаа буугаад л гүйчихмээр байлаа. Догдолж, яараад тэр байх.
-Тэгээд шагналаа авах мөч ямар байсан бэ, Төрийн ордонд орж, Ерөнхий сайдаас шагнал хүртэнэ гэдэг хэн бүхэнд олдохгүй ховор завшаан шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ, хэзээ ч мартамгүй сайхан мөч. Шагнал авахын өмнө миний танилцуулга явсан юм. Хамгийн түрүүнд Увс аймгийн гээд уншаад эхлэнгүүт надад маш том хариуцлага ирж байгааг мэдэрсэн.
Хүний нэрийг нутаг ус нь дагадаг юм байна. Тиймээс илүү хичээх ёстой гэдгийг ойлгосон.
Аав ээж, ах дүү, багш нар, найз нөхдөөс гадна аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ах эгч нар намайг маш их дэмжиж, хурцалж өгдөг. Энэ бол миний ард байгаа аймгийн 30 гаруй мянган хүүхдийн шагнал. Бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өглөө босоод Facebook хаяг руугаа ороход маш олон хүн урмын үгтэй пост, захидлууд илгээсэн байсан. Үнэхээр сайхан санагдсан.
-Үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд нэрээ гаргасан шилдэг 119 хүүхдээс, онцгойлж 35 хүүхдийг шалгаруулсан. Өөрийн чинь хувьд ямар төрөлд шилдэг болсон бэ?
-Би багаасаа л их нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Хичээлээ хийхийн хажуугаар хүүхэд гэж өөрийгөө голж, басалгүй бусдынхаа дуу хоолой болж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцвол хөгжил, төлөвшилд сайнаар нөлөөлнө гэж боддог. Тиймдээ ч сурагчдын өөрөө удирдах байгууллага, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Увс аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийг хоёрдахь жилдээ удирдаж байна. Мөн “Эрх хараацай” эко клубын удирдагч сурагч. Чөлөөт цагаараа янз бүрийн эссе бичих, илтгэл тавих уралдаан, тэмцээнд их оролцдог. Бид өөрсдийн өмнө тулгарч буй асуудлаа тодорхой хэмжээнд гаргаж чадвал, магадгүй шийдвэр гаргах түвшинд хүртэл нөлөөлж чадна гэж боддог.
-Тухайлбал, өөрийн чинь хувьд үзэл бодлоо илэрхийлэх хэмжээний ямар уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан бэ?
-Манай аймагт сурагчдын дунд илтгэл, эссе бичлэгийн уралдаан их зарладаг. Энэ бүхэнд би хоцрохгүй оролцохыг хичээдэг. Тухайлбал, “Мөрөөдлийн гэр бүл”, Манлайлал сурагч” гэх мэт илтгэлийн тэмцээнд нэгдүгээр байр, “Шударга ёсыг хангахад шүүхийн оролцоо”, “Гэр бүлийн хүчирхийлэл, урьдчилан сэргийлэх нь” зэрэг эссе бичлэгийн уралдаанд мөн нэгдүгээр байр эзэлж байсан. Ер нь би их бичих сонирхолтой. Сургуулиа төгсөөд сэтгүүлч болно гэж бодож байгаа. Багаасаа “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг хөтөлдөг байсан П.Анужин эгч шиг болох юмсан гэж мөрөөддөг байсан.
-Аав, ээжийгээ танилцуулаач, чамайг хэр дэмждэг вэ?
-Манай аавыг Л.Шадархүү, ээжийг маань Ц.Түвшинжаргал гэдэг. Хоёулаа багш хүмүүс. Би доороо нэг дүүтэй, айлын том нь.
Аав, ээж хоёр маань намайг маш сайн дэмждэг. Алдсан ч хамаагүй өөрийгөө сориод үз гэж хэлдэг. Сүүлийн байранд орсон ч бид хоёр чамайг инээгээд угтана гэж хэлдэг.
Аав, ээжийнхээ энэ их итгэл, урмаар би энэ шагнал авсан гэж боддог. Намайг бага ангид байхад аав, ээж маань дандаа онц аваарай, давтлагаа битгий таслаарай гэж хэлдэг байв. Харин одоо бол бусдад тусладаг, зөв хүн болохыг сургадаг. Хүн их мөнгөтэй, баян байхаас илүү хүн чанартай байх нь чухал гэж хэлдэг.
-Чиний хувьд хичээл ном, давтлага, сургалт, нийгмийн ажил гээд нэг өдөр их завгүй өнгөрдөг байх. Аав, ээждээ хэр тусладаг вэ?
-Гэрт амьдардаг учир ус зөөх, түлээ хагалах, гэр орноо цэвэрлэх, дүүгээ халамжлах гээд ажил мундахгүй. Аль болох аав, ээждээ туслахыг хичээдэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд сэтгэлдээ хүртэл тусалж чаддаггүй. Заримдаа би айлын том охины хувьд жаахан гэмшдэг. Өглөөнөөс орой хүртэл ажиллаад ирж байхад ядаж халуун хоолтой угтах юмсан гэж боддог. Гэтэл би хичээл ном, давтлага гээд бараг тэдэнтэй уралдаад л гэртээ орж ирдэг. Гэхдээ өнөөдөр л өөрийгөө дайчлаад хичээвэл, маргааш би тэдэндээ илүү их тусалж, баярлуулж чадна. Би амжилттай, сайн явахаас илүү аз жаргал аав, ээжид минь үгүй шүү дээ.
-Хөдөө орон нутагт сурахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломж хэр байдаг вэ?
Хөдөө орон нутагт хүүхдийн ордон хамгийн тулгамдсан асуудал байдаг. Хэрэв хүүхдийн ордонтой болчихвол бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.
Усан бассейнд хичээллэж, төгөлдөр хуур, гитар сурч, бүжгийн дугуйланд явах гээд хотын хүүхдүүдээс ялгаагүй өөрийгөө хөгжүүлж чадна. Бусад талаар бид хоцроод байдаггүй. Сошиал медиа хөгжсөн өнөө үед бид зэрэгцээд л мэдээлэл аваад, сураад явж байгаа. Манай аймгийн хувьд энэ жил хүүхдийн ордонтой болж байгаа. Хэдий би энэ жил төгсөөд явах ч дүү нараа ордонтой болж байгаад баяртай байна. Хүүхдүүд ордонтой болсноор илүү их амжилт гаргах боломж нээгдэнэ шүү дээ.
-Шагнал авсан бусад шилдэг хүүхдүүдтэй танилцаж амжив уу?
-Бусад хүүхдүүдтэй танилцаж, яаж амжилтад хүрсэн нууцаас нь хуваалцаад амжсан шүү. Үнэхээр шилдэг, бахархам хүүхдүүд. Тэдэнтэй яриад сууж байхад би өөрийгөө болоогүй байна даа, улам илүү суралцах ёстой гэдгээ ойлгосон.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Чиний хувьд төгсөх анги учир маш хариуцлагатай жил. Цаашдын зорилго, хүсэл, мөрөөдөл чинь юу вэ?
-Ирэх ондоо би 12-р ангийн төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, улсад өөрийгөө сорьж үзэх зорилго тавьсан байгаа. Үүний дараа мэдээж элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх юм. Үүнээс гадна би өөрийгөө “өөрчлөхөөр” шийдсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүх талаараа хөгжүүлж, байгаа хэмжээнээсээ нэг шат ахисан Ариунзаяа болохыг зорих болно.
-Шинэ ондоо хүсэл, мөрөөдөл нь биелэх болтугай!
Эx сурвaлж: News.mn