Иракт үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэрэг байхгүй
Иран улс АНУ-ын цэрэг байрладаг Ирак дахь Айн Ассад агаарын бааз руу пуужин харвасан нь олон улсын анхаарлыг татаж байгаа. Тиймээс тус улсад Монголын энхийг сахиулагчид байдаг эсэх талаар бид Батлан хамгаалах яаман дахь эх сурвалжаас тодруулсан юм.
Энэ талаар "Манай улсын энхийг сахиулах цэргийн багийн бүрэлдэхүүн Иракт 2003-2008 он хүртэл таван жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш тус улсад манай улсын цэргийн багийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгээгүй. Одоогооор Иракт үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэрэг байхгүй" гэв.
Монгол Улс олон улсын энхийн дэмжих ажиллагаанд 2002 оноос хойш оролцож эхэлсэн. Үүнд давхардсан тоогоор манай 15 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Одоогоор манай улсын цэргийн багийн бүрэлдэхүүн Өмнөд Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд болон Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа аж.