Короновирусийн халдвар авсан 38 хүн эдгэжээ
Хятад улсад дэгдээд буй коронавирусээр өвчилсөн өвчтөнүүд эдгэсэн тухай өчигдөр мэдээллээ. Хятадын хэвлэлүүдэд шинэ вирусээр өвчилсөн 38 хүн эдгэсэн талаар мэдээлж байна.
Тодруулбал, Шанхайд коронавирусээр халдварласан нэгэн эмэгтэй эмчлүүлж, эмнэлгээс гарсан талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээс иш татан “Sina” агентлаг уламжилсан байна. Шинэ вирусээр халдварлаад эдгэсэн анхны өвчтөн 56 настай, Чен гэх эмэгтэй бөгөөд тэрбээр Үхань хотод удаан хугацааны турш амьдарч буй аж.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр Чен ихээр халуурч сульдан, уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр Шанхай хотын эмнэлэгт хандсан байна. Эмчилгээ хийж эхэлснээс хойш зургаан өдрийн дараа эмэгтэйн биеийн байдал аажмаар сайжирч, коронавирусийн хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаар “Beijing Daily” сонинд мэдээлжээ.
БНХАУ-ын Үхань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлийн тохиолдол 1300-д, амиа алдагсдын тоо 41-т хүрээд буй юм. Шинэ вирусийн голомт болсон тус хотод олон зуун эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр, шөнөгүй ээлжээр ажиллаж байгаа ажээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус “Коронавирус нь Хятад улсын хувьд “онцгой байдал”. Энэ нь дэлхийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй ч одоохондоо ийм хэмжээнд тулаагүй байна” хэмээн мэдэгдсэн билээ.