Эрхүүд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй 5 тохиолдол илэрчээ
ОХУ-ын Эрхүү хотод шинэ төрлийн титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар өнөөдөр Вести агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Байгаль нуурын их сургуулийн оюутны дундаас таван хятад иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж Эрхүү хотод эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний шинжилгээг Новосибирск руу явуулсан.
Эрхүү мужийн Бүсийн клиник эмнэлгийн ахлах эмч Владимир Хабудаев “Байгаль нуурын их сургуулийн ректорыг хүлээн авч уулзах үеэр хэд хэдэн хятад оюутнууд хичээлд ирээгүй учраас тэдэнтэй холбоо барьсан. Тэд хоёр, гурван хоногийн өмнө өвдсөн бөгөөд үүнээс өмнө амралтаараа гэртээ харьсан нь тогтоогдсон. Тэд гэртээ байх үедээ коронавирусийн халдвар авах боломжтой гэж үзсэн” гэв
Шинжилгээний дүнгээс үзэхэд А вирусын энэ үеийн өвөрмөц шинж чанартай вирусын халдварыг тусгаарлаж, коронавирусийн халдварыг бүрэн хасахын тулд өвчтөний шинжилгээг Новосибирск руу илгээжээ.
Өвчтэй хятад оюутнууд амьдардаг байсан дотуур байранд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эрхүү мужийн Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр сандрах шалтгаан байхгүй гэжээ. Эрхүү хотод тархварын эсрэг арга хэмжээ зохион байгуулж байна гэж Интерфакс мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан Бээжингээс ирсэн БНХАУ-ын иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүний оношийг шинэ төрлийн титэм вирусийн халдвар байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Шинжилгээгээр батлагдаагүй ч титэм вирусгүй гэдгийг эцэслэн тогтоохын тулд шинжилгээг Новосибирск рүү илгээсэн байна. Шинжилгээний хариу нь өнөөдөр гарах юм байна.
Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд өвчтөний биеийн байдал харьцангуй сайжирсан гэнэ. Мөн түүнтэй холбоо барьж буй бүх хүмүүсийг мөн шалгасан талаар мэдээллээ.
Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 1287-д хүрсэн талаар бямба гаригт Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ. Ингэснээр өвчлөлийн тоо хоногийн дотор 444-өөр нэмэгдсэн байна.
Амиа алдсан хүний тоо 41- д хүрч, ганцхан хоногийн дотор 16 хүн нас баржээ