Европын улсууд коронавирусийг зогсооход бэлдэж байна
Европ тивийн улсууд коронавирусийн тархалтыг зогсооход бэлтгэж төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Францад гурван тохиолдол илэрсэн, өөр 10 орчим хүн ажиглалтад байна. Эрүүл мэндийн сайд Аньес Бюзений хэлснээр, тус улс БНХАУ-д зорчоод буцаж ирж байгаа хүн бүрийг эмнэлгийн шинжилгээнд нэг бүрчлэн хамруулж байгаа гэнэ. Мөн нэг удаагийн бамбай маск зүүхгүй байхыг иргэддээ зөвлөжээ. Ийм маскнууд вирусээс хамгаалах чадваргүй гэнэ.
Харин БНХАУ-аас Францад ирсэн нэг зорчигч эмнэлгийн шинжилгээнд оруулаад байсан юм байхгүй, эмчийн хувцастай хэдэн хүн “Халуурвал эмнэлэгт хандаарай” гэсэн зөвлөгөө л өгсөн” гэж хэвлэлд ярьжээ.
ОХУ мөн Францтай адил, БНХАУ-аас ирж байгаа онгоцны зорчигчдын биеийн халууныг хэмжиж байгаа гэнэ. АНУ мөн ийм арга хэмжээ авч байгаа билээ.