Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлт халдварт өвчнүүд
Шинэ 2019-nCoV титэм вирусээр амиа алдагсадын тоо зуу хол гараад байна. Хоёр зуугаад хүний биеийн байдал хүнд гэж тооцогдож байгаа учраас үхлийн аюул хэвээр байна гэсэн үг. Гэтэл хүн төрөлхтөн түүхэндээ олон арван удаа үхлийн цартахалтай нүүр тулж байжээ. Хамгийн их сүйрэл дагуулсан халдварт өвчний түүхээс сонирхуулъя.
1. Хар үхэл
Хар үхэл гэгч тахлын оргил үе нь 1346-1353 онуудад тохиож дахин дэгдэлт XIX зуун хүртэл үргэлжилжээ. Хэдэн арван сая хүний амийг авч одсон төдийгүй зарим нэг үнэлгээгээр Европын хүн амын 30-60 хувь нь тахлаар сүйрсэн гэж үздэг.
Цартахалын голомт нь Каспийн тэнгисийн хойд эрэг хавиар байсан бололтой. Тэндээс Евроази, Хойд Африкаар тархжээ. Халдвар тараагч нь Yersinia pestis байсныг цартахалын хохирогчдын үлдэгдлийн судалгаа баталжээ.
Дундад зууны үед анагаах ухаан хөгжөөгүй, мөн шашны зүгээс тахалтай хийх тэмцлийг гажуудуулж элдэв мухар сүсэг, цуу яриа түгэн хэлмэгдүүлэлт явуулж байв.
Хар үхэл нь Европын түүхэнд гүнзгий ул мөр үлдээж, эдийн засаг, сэтгэл зүй, урлаг төдийгүй хүн амын генийн бүтцэд нөлөөлжээ.
Хар үхлийн өмнө олон тооны байгалийн гамшиг тохиож байсан аж. Тэр цагийн он дарааллын бичигт Төв Хятадад ган гачиг болон өлсгөлөн гарсан, Хэнань мужид царцааны нүүдэл болсон, 1333 онд өнөөгийн Бээжин хотыг дайрсан салхи шуурга, үерийн талаар мэдээлсэн байдаг. Энэ бүгдийн улмаас мэрэгч амьтдын нүүдэл суурин газрууд руу шилжиж гамшигт тахлыг дагуулсан гэж эрдэмтэд үздэг.
2. 1918 оны Испанийн томуу
Испанийн томуу буюу испанка нь халдвар авсан болон үхсэн хүний тоогоороо хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн өргөн цартахал байжээ. 1918-1919 онуудад (18 сар) дэлхий даяар томуугийн халдвар авсан хүний тоо 550 сая орчим болж буюу хүн амын 29,5 хувийг хамарч байв.
Ойролцоогоор 50-100 сая буюу дэлхийн хүн амын 2.7-5.3 хувь нь халдварын улмаас нас баржээ. Өвчний дэгдэлт дэлхийн нэгдүгээр дайны сүүлчийн саруудад явагдаж богино хугацаанд дайны хохирогчдын тооноос давсан байна.
Дайны хор хөнөөл, өлсгөлөн, бохир орчин, цэргийн болон дүрвэгчдийн хуарангуудын нягтрал зэрэг нь өвчнийг гааруулсан гэдэг. Испанийг хамгийн түрүүнд дайрснаар энэ томуу "Испанийн" гэсэн тодотголыг авсан гэдэг. Гэхдээ өөр нэг хувилбараар испани томуугийн анхны тохиолдол АНУ-д 1918 онд бүртгэгдсэн ажээ.
3. ДОХ/ХДХВ
Ойлгомжгүй, хамгийн аймшигтай орчин цагийн вирус болох ДОХ дэлхийд гуч гаруй жилийн өмнө дэгдсэн юм. Халдвар ба өвчлөлт, эрчимтэй тархалтаараа энэ өвчин “ХХ зууны тахал” гэсэн алдартай болсон билээ.
Дархлалын хомсдлын олдмол хам шинжийн синдром (ДОХ) нь хүний дархлалын хомсдлын хам шинжийн вирусаар өдөөгддөг үхлийн өвчин юм. Одоогоор энэ өвчнийг анаагах эм тариа бий болоогүй л байна.
Зарим эрдэмтэд ДОХ вирус нь ойролцоогоор 1926 оны үед бичнээс хүнд дамжсан гэдэг. Судалгаагаар тэр нь Баруун Африкаас олдсон хүний олдвор ажээ.
ДОХ нь цус, эхийн сүү зэрэг хүний биеийн шингэнээр дамжин халдварладаг гэж 1985 онд тогтоосон бөгөөд тэр жилдээ ДОХ-ын анхны оношлуурыг АНУ, Японд бүтээж байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1987 онд ДОХ-ыг өдөөгчийн нэрийг “хүний дархлалын хомсдлын олдмол шинжийн вирус” (ДОХ, англи товчлолоор HIV) гэж зарлажээ. ДЭМБ 1987 онд уг өвчинтэй тэмцэх даяарчлалын стратегийн хөтөлбөрийг баталсан. Тэр жилд нь өвчнийг эмчлэх вирусийн эсрэг азидотимидин эмийг (зидовудин, ретровир) анх бүтээн хэрэглэх болжээ.
Анагаахын өнөөгийн түүхэнд энэ өвчнийг бүрэн эмчлэх эм бий болоогүй ч дээрх эм нь вирусийг ДОХ-ын хөгжилд орох хугацааг хойшлуулах нөлөөтэй юм.
4. Юстинианийн нэртэй тахал
Византийн эзэн хаан I Юстинианийн үед дэгдсэн тахал хааны нэрээр түүхэнд бичигджээ. Тахал тухайн цагийн иргэншилт ертөнцийн нутгийг хамаарсан ба хоёр зууны турш (541-750) үе үе зарим бүс нутагт бага хэмжээгээр дэгдэж байлаа. Хадгалагдан үлдсэн он дарааллын бичгээр эрдэмтэд өвчний оргил үе 540-541 он гэж тогтоожээ. Тахлын голомт Этиоп эсвэл Египетийн аль нэгэнд байсан бололтой, тэндээс худалдааны замаар Константиниполь хүрсэн гэдэг. Дараа нь Византийн өмнөд ба зүүн нутгаар тархан хөрш орнуудад нь нэвтэрчээ. Хожим тахал Хойд Африк, бүх Европ, Төв ба Өмнөд Азид тархжээ.
Юлианы хуанлийн 544 онд тахал Византийн эзэнт улсад оргил үедээ хүрсэн ба өдөр бүр 5000, зарим өдөр 10000 орчим хүн үхэж байжээ. Өвчин идээт тууралт ба цусаар ханиалгах хэлбэрээр илэрч байсан гэдэг. Хамгийн аймшигтай нь цоо эрүүл харагдаж байсан хүн өвчний ямар нэгэн шинж тэмдэггүйгээр тэр өдөртөө үхэж байсан нь дотуур цус алдалтаас болсон байжээ. Дорнын энэ тахлаар 66 сая хүн, зөвхөн Европт 25 сая хүн амиа алджээ. Константинополь хотын хүн амын 66 хувь нь тахлын хохирогч болсон байдаг.
Энэ тахал Ирландын эх сурвалжид crom conaill (549-550 он) гэсэн нэрээр бичигдэн үлдсэн бололтой. Учир нь өвчнөөр Валлийн вант улсын хаан Гвинед Майлгун, гэгээнтэн Клонардын Финниан зэрэг олон алдартнууд нас барсан байдаг.
5. Антонинийн тахал
Юстиниан вант улсад нь аймшгийн тахал дэгдсэн анхны анхны хаан биш. Иймэрхүү тахал Марк Аврелий Антонинийн захиргааны үеэр гарч байв. Ромын дайчид хоёр мөрний сав Месопотамийгаас 165 онд эргэн ирэхдээ цэргийн олзоос гадна эх орондоо өвчний дэгдэлтийг өдөөсөн патогенийн вирусийг тээн ирсэн нь түүхэнд Антонинийн тахал гэж бичигдэн үлдэв.
Грекийн эмч Гален өвчний шинж тэмдгийг бичин үлдээхдээ, түүний цусан суулга, уст тууралт, идээт тавыг тэмдэглэжээ. Өвчний дэгдэлт Европ, Ази, Хойд Африкаар тархан эцсийн дүнд 10 хүртэлх сая хүнийг үхэлд хүргэв.
Ромын армийн 15 хувиас багагүй нь өвчнөөр өнгөрсөн байх магадлалтай төдийгүй өвчний дараа эдийн засгийн хүчтэй хямрал нүүрлэжээ. Энэ бүхний хүчин зүйл дараа нь дэгдсэн салхин цэцгийн хамт Ромын эзэнт улсын хүчийг ихээхэн сулруулсан байдаг.
6. Булчин задрах тахал
Холера буюу булчин задраах тахал нь манай эриний өмнөх 377- 356 онуудын хооронд буюу анагаахын эцэг Гиппократын үеэс тодорхой болсон байв. Тэрээр өвчний шинж тэмдгийг 1816 онд эхэлсэн анхны дэгдэлтээс нь хамаагүй өмнө бичин үлдээсэн байгаа.
Өвчний бүх дэгдэлтүүд Ганг мөрний хөндийгөөс тархдаг. Өвчний дэгдэлтэд халуун уур амьсгал, усны бохирдол, хүн амын нягтрал нөлөөлдөг байна. Эрдэмтэд булчин задрах тахлын долоон дэгдэлтийг онцолдог. Өнөөдөр ч голчлон ядуу буурай орнуудад гардаг өвчин. Хамгийн сүүлд 2010 онд Гаитид гарч 800 мянган хүн халдвар авсан ба оргил үедээ өдөрт 200 хүртэл тооны хүн халдвар авч байлаа. Гаитид 9.8 сая хүн амьдардаг гэхээр тахалд тэдний 10 хувь нь нэрвэгдсэн байв. Тус оронд алба хааж байсан Балбын энхийг сахиулагч хүнийхэн өвчний дэгдэлтийг өдөөсөн гэдэг.