Сүүлийн 10 жилд тохиосон байгалийн гамшиг үлэмж хэмжээний хохирол дагуулжээ
2010-2019 онуудад тохиосон байгалийн гамшиг дэлхийн эдийн засагт 2.98 их наяд долларын хохирол учруулсан байна. Aon байгууллагын боловсруулсан мэдээллийг South China Morning Post нийтэлжээ. Хохирлын хэмжээ нь өмнөх 10 жилийнхээсээ 1.19 их наядаар нэмэгдсэн аж.
2000 оноос хойш тохиосон далайн хар шуурганууд хамгийн их хөнөөл дагуулжээ. Үер, газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ ч үлэмж нэмэгджээ. Гэхдээ өмнө нь хоёр дахь түвшний аюулд тооцогдож байсан ойн түймэр, ган гачиг улам их хохирол дагуулах болсныг судалгаанд онцолжээ.
Сүүлийн арван жилд 316 мянган хүний амийг авч одсон 2010 оны Гаитийн газар хөдлөлтөөс эхлээд 7000 гаруй хүнийг хөнөөсөн Филиппиний “Хаяан” хар шуурга зэрэг байгалийн гамшгууд тохиосон байна.
Ази-Номхон далайн бүс сүүлийн арван жилд эдийн засгийн хүндийг үүрч байна. Учирсан хохирол энэ хугацаанд 1.3 их наяд долларт хүрчээ. Мөн 2010-2019 онуудад даатгалын нөхвөрт төлсөн төлбөр 845 тэрбум гэсэн дээд хэмжээнд хүрчээ.
Даяарчлалын шилжилт болон цаг уурын өөрчлөлтийн улмаас хойшид энэ өсөлт буурахгүй гэж үзэж байна.