Коронавирусийг ДЭМБ-аас “Covid-19” хэмээн албан ёсоор нэрлэжээ
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Covid-19” хэмээн албан ёсоор нэрлэжээ.
Тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом энэ талаар хэлэхдээ,
“Одоо тархаж буй вирусийн өвчлөлийг “Covid-19” гэж нэрлэсэн. “Co” нь “корона”, “Vi” нь “вирус”, “D” нь “өвчлөл” гэсэн үгийн товчлол юм. Бид газар зүйн байршил, ямар нэг амьтан, хувь хүн, хэсэг бүлэг хүмүүст хамаатуулахгүйгээр өвчлөлтэй холбогдсон, хэлж болохоор нэр олох шаардлагатай байсан. Ийнхүү нэрлэснээр бусад тохирохгүй нэрсийг ашиглахаас сэргийлнэ. Мөн цаашид коронавирус тархах эрсдэлийн үед хэрэглэх стандарт жишгийг тогтоон өгч байна” гэлээ.
БНХАУ-аас гадна 24 улс, бүс нутагт халдварын 393 тохиолдол, нас барсан нэг тохиолдол бүртгэгдээд байгаа гээд вирусийн эсрэг вакциныг нэг жил хагасын хугацаанд гаргаж авах магадлалтай гэж тооцоолжээ.
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан хүний тоо олон улсын хэмжээнд 44.8 мянга хүрч, 1113 хүн нас бараад байна. 6000 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Харин эдгэрсэн хүний тоо 4686 хүрсэн нь нийт өвдсөн хүний 10 хувь юм байна.