Өмнөд Солонгост 142 өвчлөл нэмэгдэж, Италид анхны өвчтөн нас барлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадад улсад COVID19 вирусийн өвчлөл харьцангуй намжих төлөвтэй байгаа ч Ойрхи Дорнодын орнуудад халдварын тохиолдол нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байна. Тухайлбал, Ливан, Израйль улсуудад коронавирусийнн анхны тохиолдол бүртгэгдсэн бол Иранд 18 тохиолдол илэрч, 4 хүн нас барлаа. Кувейт улс болзошгүй эрдсэлээс сэргийлэх үүднээс Ирантай агаарын тээврийн харилцаагаа зогсоожээ. Мөн тус улсаас ирсэн иргэдээ 14 хоног хорио цээрийн дэглэмд байлгах юм.
Үүний зэрэгцээ Италийн Падуа хотод 78 настай эрэгтэй халдварын улмаас нас барсан тохиолдол гарчээ. Улсын хэмжээнд 17 тохиолдолд илэрсэн тул Италийн хойд хэсгийн арван хотод хорио цээрийн дэглэм эхлүүлж, сургууль, цэнгээний газар, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлаад байна.
Коронавирусийн дэгдэлтийн шинэ төв болж магадгүй болоод буй БНСУ-д 142 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 346 болж шинжилгээгээр батлагджээ. Мөн өчигдөр үдээс хойш 55 настай эмэгтэй халдварын улмаас нас барсан нь тус улсын хэмжээнд хоёрдахь үхлийн тохиолдол болж байна. Нэмж бүртгэгдсэн өвчтөнүүдийн 92 нь Чондо их сургуулийн эмнэлгээс, 38 нь Тэгү хотын сүмийн орчноос халдвар авсан байна. Тус бүс нутагт шинжилгээ хийлгэсэн нийт 13 794 сорилын үр дүн сөрөг гарчээ.
Тэгвэл эх газрын Хятад улсад амь үрэгдэгсдийн тоо 2345, харин халдварын тоо 76288-д хүрчээ. Дэгдэлтийн гол төв болсон Хубэй мужид 109 хүн нэмж нас барсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.