БНСУ-ын хэвлэлүүд вирусын халдвар авсан монгол иргэн нас барсан тухай мэдээлэв
Өнөөдөр Сөүлийн их сургуулийн эмнэлгээс Мёнжи эмнэлэгт шилжин тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байсан Монгол Улсын иргэн 35 настай залуу өвчний улмаас нас барсан талаар БНСУ-ын мэдээллийн Ёнап агентлаг мэдээллээ.
Бөөр, элэгний өвчлөлтэй, элэг шилжүүлэн суулгахаар БНСУ-ыг зориод байсан Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирусын халдвартай болох нь тогтоогдоод байсан юм. Өвчтөн Мёнжи эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа зүрхний шигдээсийн шинж тэмдэг хоёр ч удаа илэрсэн тухай мөн бичжээ. Мёнжи эмнэлгийн ажилтны мэдээлж байгаагаар, өвчтний нас барсан шалтгаан шинэ төрлийн корона вирустэй холбоотой эсэхийг шалгаж байгаа юм байна.
Энэ нь БНСУ-д бүртгэгдээд байгаа 11 дэх нас баралт бөгөөд гадаадын иргэний анхны тохиолдол гэдгийг эх сурвалжид мэдээлсэн байна.
Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, дээрх мэдээлэл үнэн болохыг мэдэгдэж, цахим хуудастаа эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20200225170900060